Улаанбаатар хот, нийслэл хот орчмын түүх соёл, өв уламжлал, ахуй байдал, байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлан таниулах замаар нийслэлийн аялал жуулчлалд хувь нэмрээ оруулах, олон улсын нөхөрлөлийг дэмжих зорилгоор City of Nomads уриа дор 2023.08.25-2023.08.27-ны өдрүүдэд 450 орчим явган алхагчид нэгдэн оролцсон “Улаанбаатар явган алхалтын фестиваль – 2023”-ын амжилттай зохион байгууллаа.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд явган алхалтын аялал жуучлалд ихээхэн анхаарч, харьцангуй бага зардлаар явган алхалтын дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж, олон улсын стандартын тэмдэг, тэмдэглэгээг нэвтрүүлж, мэдээллийн нэгдсэн системийг үүсгэн, олон улсад сурталчлан таниулах замаар жуулчдыг татаж байгаа бөгөөд энэ нь улмаар орон нутгийн иргэдийн эдийн засгийг шууд дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Нийслэлийн аялал жуулчлалын газраас явган алхалтын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарч, нэлээдгүй үйл ажиллагааг хэрэгжүүлж, бодлогын түвшинд дэмжиж байгаа юм.
Тус арга хэмжээнд Монголын явган алхагчдаас гадна Тайвань, Чех, Хятад, Орос, Япон, Америк, Казахстан, Австрали, Солонгосын 120 гаруй гадаад улсын явган алхагчид оролцсон байна. Мөн Монголын явган алхалтын холбооны салбар байгууллагуудын төлөөлөл Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Увс, Төв зэрэг аймгууд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл 400-аад явган алхагчид нэгдэн алхацгаажээ.
Цаашид “Улаанбаатар явган алхалтын фестиваль” нь жил бүрийн 8-р сард уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дэлхийн олон орны иргэд оролцдог томоохон арга хэмжээ болж хүрээгээ тэлэх ажээ.
Фестивалийн арга хэмжээ нь Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Монгол оллэ байгууллагын тэмдэглэгээжүүлсэн замаар зохион байгуулагдсан бөгөөд эхний өдөр Хонхор өртөөнөөс Туул зөрлөг чиглэлд 15 км-ийн зайд төлөвлөсөн маршрутын дагуу алхаж, барианд орж, үргэлжлүүлэн Д.Сүхбаатарын талбайд "Солонгосын соёл, аялал жуулчлалын өдөр"-ийн арга хэмжээтэй танилцсанаар энэ өдрийн алхалт өндөрлөв. Сүүлийн хоёр өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Чингисийн өвөлжөө, Өгөөмөрийн аманд нийт 25 км-ийн алхалтыг хийв.
Фестивалийн гурван өдрийн туршид өглөө бүр алхалтын нээлтийг хийж, уртын дуу, бүжиг, ардын дуу, орчин үеийн дуу, хөөмий, морин хуурын тоглолт, уран нугаралт, морин циркийн үзүүлбэр гээд явган алхагчдад зориулсан урлагийн тоглолтуудыг үзүүлсэн нь алхалтын фестивалийг улам илүү сонирхолтой болгож байв. Түүнчлэн орон нутгийн иргэдийн гар урлал, сүү цагаан идээ, хоол зуушийг борлуулах боломжийг бүрдүүлснээр алхагчдын хувьд нутгийн иргэдээс үйлчилгээ авах, орлого орлого оруулах боломжийг бүрдүүлсэн явдал байлаа.
Энэхүү фестивалийг Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, Монгол Оллэ нийгэмлэг хамтран зохион байгуулжээ. Мөн Налайх, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаа, БТСУХ, НЭМҮТ зэрэг төрийн бодлогын байгууллагууд дэмжин ажилласан бол явган алхагчдыг үндэсний үйлдвэрлэгч Тнгри группийн “Амт” брэнд, Монос Хүнс компанийн “Экос” цэвэр ус, Тесо группийн “Зөв”, “HiVit”, Мон Со Баян ХХК-ийн “Vita C” брэнд бүтээгдэхүүнээр дэмжин ажиллажээ.
Фестивалийн төгсгөлийн өдөр Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхийг “Монголын явган алхалтын холбооны элчин сайд” -аар өргөмжилж, тус холбооны зохион байгуулсан бүхий л арга хэмжээнд оролцох, алхалтын арга хэмжээ зохион байгуулуулах үүрэг чиглэл өгөх эрхийг олгосон нэр хүндтэй ёслол болов. МЯАХ-ны тэргүүн Б.Болор-Эрдэнэ тус нэр хүндтэй шагналыг олгохдоо, хэлсэн үгэндээ “Явган алхалтын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, иргэдийн эрүүл мэнд, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгоход, байгаль орчны боловсролыг олж авч, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг түгээхэд оруулж байгаа бодит хувь нэмрийг үнэлж энэхүү нэр хүндтэй шагнал болох Монголын явган алхалтын холбооны элчин сайд (амбассадор)-аар өргөмжилж байна” гэдгийн онцлон дурдав.
Мөн нийт оролцогчид, монголын явган алхагчдыг БНСУ, БНЧУ, Тайванийн алхагчид өөрийн нутагт зохион байгуулах алхалтын арга хэмжээнд оролцох урилгыг өгөв. Цаашид эко-аялал жуулчлалыг хөгжүүлж, явган алхагчдын нөхөрлөлийн цар хүрээг тэлсээр монгол улсын аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулах боломж, томоохон үүд хаалга нээгдэж байгаад таатай байна. 2024 онд энэхүү фестивалиас гадна нийслэл хотын өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор анх удаа “Мөсний явган алхалтын фестиваль”-ийг зохион байгуулагдах болно.