Өнөөдөр буюу есдүгээр сарын дөрвөнд Саудын Арабын Эр Рияд хотноо хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 88 дахь удаагийн ( эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн ) тэмцээн эхэлнэ.
Есдүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд 117 орны 719 тамирчин оролцож байна. "Парис-2024" зуны олимпын XXXIII наадамд оролцох эрх авахын тулд заавал оролцсон байх хоёр тэмцээний нэг нь энэ ДАШТ тул ( нөгөөх нь дараа жилийн 4 сард Тайландад болох дэлхийн цомын тэмцээн) ийм олон орны баг тамирчид Саудын Арабд иржээ.
Манай Монголоос ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор 10 туйванч ( 3 эр, 7 эм) оролцох юм.
Тухайлбал эрэгтэйчүүдийн 55 кг-д Ө.Чагнаадорж, 61 кг-д У.Амарбаяр, +109 кг-ийн жинд М.Бахберген нар, харин эмэгтэйчүүдийн 45 кг-д Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, Б.Хонгорзул, 64 кг-д О.Төгс-Эрдэнэ, Г.Ануужин, 71 кг-д Г.Энэрэл, 81 кг-д М. Анхцэцэг нар хүч сорих ажээ.
Есдүгээр сарын дөрвөнд Ө.Чагнаадорж, У.Амарбаяр, Б.Тунгалаг, 9.7-нд Б.Хонгорзул, 9.8-нд Э.Энхтамир, 9.10-нд Азийн аварга Г.Ануужин, О.Төгс-Эрдэнэ, 9.11-нд Г.Энэрэл, 9.15-нд дэлхийн аварга М.Анхцэцэг, 9.17-нд М.Бахберген нар дэвжээнд гарна.
Манай гол найдвар Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга , ДАШТ-ий алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт, "Токио-2020" олимпын дөрөвдүгээр байрын шагналт Мөнхжанцангийн Анхцэцэг маань энэ удаа 81 кг-ийн жинд оролцоно. Учир нь "Парис-2024" олимпын наадамд хүндийг өргөгч бүсгүйчүүд 49 кг, 59 кг, 71 кг, 81 кг, +81 гэсэн тавхан жинд өрсөлдөх юм.
Ц.Энхтүвшин
Таван цагариг сонин