Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Монгол, Франц хоёр улсын харилцаа 13-р зуунаас эхлэлтэй бөгөөд тэртээх 1253 онд Францын IX Людовик хаан Монгол-Францын харилцааны түүхийг эхлүүлж байсан бол 770 жилийн дараа буюу 2023 онд БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Монгол, Францын ард түмний эртний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүхэн шинэ агуулгаар баяжуулан, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн чухал үйл явдал болсон билээ.
Улмаар хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, түүх соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Франц Улсын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжин ажиллаж байгаа бөгөөд талуудын хамтын ажиллагаа, соёлын сурталчилгааны хүрээнд ашгийн бус зорилгоор Чингис хаан Үндэсний музей Франц Улсын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музей хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Чингис Хаан музей, Хархорум музей, хувь цуглуулагчдын нийт 400 гаруй үзмэрийг толилуулна. Үүний зэрэгцээ Францын Лувр, Сэвр, Азийн урлагийн Гимэй, Франц Улсын Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нэрэмжит Брэнли музей болон Европын холбооны бусад улсаас нийт 150 гаруй үзмэр дэлгэгдэх бөгөөд түүхэн баримт бүхий үзэсгэлэн дэлхий нийтэд анх удаа олон нийтийн хүртээл болж байгаагаа онцлог юм.
Их эзэн Чингис хаан болон Монголчууд дэлхийг хэрхэн байлдан дагуулж байсан агуулгыг илтгэх энэхүү үзэсгэлэн нь НТӨ 2-р зуунаас НТ-ын 14-р зуун хүртэлх хугацааг хамрах бөгөөд Монголын эзэнт гүрэн ба Францын хаант улс, Чингис хааны өмнөх талын эзэнт гүрнүүд (Хүрэл зэвсгийн үеэс XII зуун), Чингис хаан (1160-1227), Эзэнт Гүрэн (1228-1368), Монголын их солилцоо, Шинэ ертөнц зэрэг үндсэн бүтэцтэй байх бөгөөд Европ тивд талын их нүүдэлчдийн түүх, соёлын өвийг сурталчилсан томоохон арга хэмжээ болж байна.