Цаг үеийн мэдээ

Хиймэл оюун ухааныг аюулгүй ашиглах дэлхийн анхны дээд хэмжээний уулзалт Их Британид эхэллээ. Хоёр өдрийн турш технологийн аваргууд, шинжээчид, улстөрчид хиймэл оюун ухааны технологийг зохицуулах, аюулгүй ашиглах үндсэн зарчмуудын талаар ярилцана.

Санамсаргүй тохиолдлоор дээд хэмжээний уулзалтын эхний өдөр англи хэлний хамгийн эртний толь бичгүүдийн нэг болох Коллинз толь нь  AI буюу "хиймэл оюун ухаан" гэсэн үгийн товчлолыг 2023 оны шилдэг үг хэмээн зарлажээ. Өнгөрсөн жилээс энэ үгийн хэрэглээ дөрөв дахин нэмэгдсэн гэж Коллинз мэдээлэв. Тус толь бичгийн хэвлэлийн захирал хэлэхдээ "Энэ жил хиймэл оюун ухаан хөгжиж, хурдан тархаж, бидний амьдралд цахим шуудан, стриминг болон бусад өдөр тутмын технологиудад нэвтэрч маш их анхаарал хандуулж байгааг бид мэднэ" хэмээн хэлжээ.

Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр хиймэл оюун ухааны хамгийн эрсдэлтэй хэлбэрийг хэрхэн удирдах тухай “Дэлхийн анхны хэлэлцээр”-т улс орны төлөөллүүд гарын үсэг зурлаа. 

Энэхүү дээд хэмжээний уулзалтад Tesla, X, мөн өнгөрсөн зун байгуулагдсан хиймэл оюун ухааны асуудал эрхэлдэг x.Al компанийн эзэн Элон Маск оролцсон юм. Уулзалтын өмнөх өдөр тэрээр хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болзошгүйг дахин санууллаа.

Гэсэн хэдий ч дээд хэмжээний уулзалтын бусад оролцогчид илүү тайван байдлаар санаагаа илэрхийлж байв. Тэдний бодлоор ирээдүйд тохиолдох магадлал багатай аюул заналхийллийн талаар таамаглахаас татгалзаж, үүний оронд хиймэл оюун ухаан өнөөдөр одоо үүсгэж буй эрсдэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй, тухайлбал, зарим мэргэжилд заналхийлэх, эсвэл нэг талыг баримтлах зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй гэжээ. Ажиглагчдын үзэж буйгаар хиймэл оюун ухааны хамгийн том аюул нь хүний оролцоотой ажлыг автоматжуулах эсвэл одоо байгаа өрөөсгөл ойлголт, өрөөсгөл үзлийг шинэ, илүү хүчирхэг онлайн систем болгон бэхжүүлэх явдал гэж үзэж байна.

АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо хэлэхдээ, дээд хэмжээний уулзалтын үр дүнд АНУ хиймэл оюун ухааны аюулгүй байдлыг судлах хүрээлэнг байгуулах тухай мэдэгдлээ.

Эх сурвалж: Svoboda

Таны сурталчилгаа