Цаг үеийн мэдээ

Тайландын усанд сэлэлтийн пара тамирчин хуриман дээрээ эхнэр болон бусад дөрвөн хүнийг буудаж хороосныхоо дараа амиа егүүтгэсэн хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ.

Пара тамирчин 29 настай Чатуронг Суксук болон 44 настай Канчана Пачунтуек нарын хурим эмгэнэлт явдлаар өндөрлөсөн байна. Хэвлэлүүдэд мэдээлснээр Чатуронг хуримын үдэшлэг дээр гэнэт гарч яван, эргэж орж ирэхдээ буу авчиржээ. Тэрээр сүйт бүсгүй болон түүний 62 настай ээж, 38 настай дүүг буудсаныхаа дараа амиа егүүтгэсэн байна. 

Хуриман дээр ирсэн хоёр зочин тэнэсэн суманд өртсөн бөгөөд нэг нь амьсгал хураажээ. Цагдаа нар сүйт залуу чухам ямар сэдэлтэйгээр гал нээснийг тогтоогоогүй ч сүйт бүсгүйгээ хардсан байж болзошгүй гэж зарим хэвлэлд нийтэлсэн байна. 

Шалгалтын үеэр пара тамирчин өнгөрсөн жил хуулийн дагуу буу худалдаж авсныг тогтоожээ. Мөн хос хуримынхаа дундуур маргасан гэж зарим гэрч мэдүүлсэн байна. Хос хуримаа хийхээсээ өмнө гурван жилийн турш хамт амьдарчээ.

Чатуронг өнгөрсөн жил Индонези улсад болсон Азийн пара наадамд усанд сэлэлтийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн байна. Тэрээр Тайландын хилийн харуулын албанд үүрэг гүйцэтгэж байхдаа баруун хөлөө алджээ.

Хэдийгээр Тайланд улсад гэлт зэвсэг эзэмших нь нийтлэг боловч галт зэвсгээр олон хүнийг буудаж хөнөөх халдлага тун ховор гардаг байна. Өнгөрсөн сард нийслэл Бангкок хотын худалдааны төвд зэвсэгтэй этгээд гурван хүнийг буудаж хороосон хэрэг гарсан юм. 

 

Таны сурталчилгаа