Цаг үеийн мэдээ

Дарханаас Шарын гол хүрэх төмөр замын авто гарамд осол гарчээ. Уг ослын талаар Улаанбаатар төмөр замын ХНН-ийн хэвлэл мэдээллийн албанаас тодрууллаа.

Дөрөвдүгээр сарын 13-ны орой 21:30 цагийн үед осол гарсан. Авто замын дохиоллууд бүгд ажиллаж, машинууд галт тэрэг өнгөрхийг хүлээгээд зогсож байсан. Гэтэл Субару маркын автомашин эгнээгээр дарааллаж зогссон машинуудыг тойрч урдуур нь дайрч орж, хаалттай зам руу орсноор уг осол үүссэн. Одоогоор цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын ажиллагаа хийж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ. 

Тодруулбал, "Дархан-2" өртөө-Шарын гол хоорондын замын 11 км-ын 5 зуутад байрлах автозамын гарамд дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 21:11 цагт 3501 дүгээр галт тэрэгний урдуур Субару маркын суудлын автомашин орж осолджээ.

Уг машин зогсож байсан автомашинуудын урдуур тойрон гарч галт тэргэнд мөргүүлсэн байна. Энэ үед гармын дохионууд автомашины хөдөлгөөнийг хориглосон заалттай, зарлан мэдээлэх төхөөрөмж мэдэгдэх хонх, чиглэл заагч хэвийн ажиллагаатай, гармын жижүүр зам дээр дохиотой зогсож байжээ. Уг галт тэрэг 18 вагон чиргүүлтэй, 1607 тн ачаатай байсан бөгөөд 328 метр явж зогссон байна.

Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд буюу биеийн байдал хүнд байгаа бол хамт явсан бага насны хоёр охины биеийн байдал харьцангуй хэвийн байгаа гэсэн мэдээлэл буй юм.  

С.ОТГОН