Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд болж, тэдэнд тус бүр 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан билээ.
Тодруулбал, Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар зохицуулсан атал шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй, хэргийн үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.