Цаг үеийн мэдээ

Монгол Улс дахь ахмад настны эрхийн хэрэгжилтийн талаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл өглөө. 

ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул:

-Ахмад настан нийгмээс тусгаарлагдах, ялгаварлан гадуурхалтад өртөх зэрэг асуудлууд дэлхий нийтэд гарч байна. ахмад настнуудад үзүүлж байгаа хүмүүнлэгийн арга хэмжээ хангалтгүй байна хэмээн олон улсын Эмнести интернэйшнл байгууллагаас дүгнэсэн. Монгол Улсын Хүний эрхийн комиссын одоогийн батлагдсан конвенц нь ахмад настны эрхийг хамгаалах, ахмад настны өвөрмөц онцлог хэрэгцээнд тохирсон хамгаалалт болж чадахгүй байна гэдэг дүгнэлтийг өгсөн. Бие даасан ахмад настны конвенц батлах хэрэгцээ шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Монгол Улсад 2023 оны байдлаар 388300 ахмад настан амьдарч байгаа нь нийт хүн амын 10.1 хувийг эзэлж байгаа.

2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь ахмад настан байх тооцоолол гарсан. Монгол Улсад ахмад настны тоо өсөхийн хэрээр асруулах хэрэгцээ шаардлагатай ахмад настны тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Гэвч энэ үйлчилгээ хангалтгүй, хүртээмжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хөдөлмөрлөх эрхийн хувьд тэтгэврийн насанд хүрээгүй байхад нь тэтгэвэрт гарахыг шаарддаг гэх мэт асуудлууд судалгаанд гарч байсан. Тухайн үед шаардлагатай хууль зүйн зохицуулалтууд байгаагүй. Үүн дээр ахиц дэвшил гарч хуульд ахмад настан хөдөлмөр эрхлэх тухай заалтууд нэмэгдсэн. ХЭҮК-ын авсан мэдээллээр ГССҮТ-д өвлийн цагт осол гэмтэлд өртсөн ахмадуудын 62 хувь нь унаж бэртсэнээс хандсан гэх тоон мэдээлэл байна. Энэ нь дэд бүтэц муу, амьдрах орчин нөхцөл таатай бус байгаагаас шалтгаалсан гэж үзэж буй. Нөгөө талаар ахмад настны чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл ховор, хүртээмжгүй байна. Хувь хүний талаас боловсрол санхүүгийн байдал их нөлөөлдөг.

ХЭҮК-т хандсан ахмадуудын 65 хувь нь ач зээгээ хардаг, зохисгүй хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн хувьд хараат тиймээс нийгмийн амьдралд оролцож чаддаггүй гэсэн гомдол ирсэн. Иймээс ахмадууд нийгмийн амьдралаас тусгаарлагддаг. Ганцаарддаг, сэтгэл зүйн хувьд хэн нэгэнтэй ярилцах хэрэгцээ шаардлага тулгардаж тэрхүү хэрэгцээгээ хангаж чаддаггүй байна. Манай судалгаанд хамрагдсан ахмад настны 63 хувь нь ганцаарддаг, хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцах хэрэгцээ шаардлагатай гэж илэрхийлсэн. Түүнчлэн тэтгэвэр нь амьжиргаанд хүрдэггүй. Үүнээс болоод эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чаддаггүй. Эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй гэх зүйлүүд ажиглагдсан. Гэр бүлийн хүрээнд ялгаварлан гадуурхагдах, хүчирхийлэл дарамтад өртөх асуудлууд цөөнгүй байна. Ялангуяа эдийн засгийн хүчирхийлэл буюу тэтгэврийг нь барьцаалдаг, дур мэдэн захиран зарцуулдаг гэх мэт асуудлууд байна. Нөгөө талаас сэтгэл зүйн хувьд хүчирхийлэлд өртдөг асуудлууд ч түгээмэл байна.

Таны сурталчилгаа