Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн удирдлага, хамт олон “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан инженерийн цэргийн төлөө залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан ахмад дайчдаа 9 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Усчин дайчдынхаа ахмад үеэс гадна саяхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, 80 жилийнхээ буурал түүхийг бичсэн үйлс, зорилго нэгт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн ахмадуудыг нийслэл хотоос урьж оролцуулсан юм.
Баярын арга хэмжээг нээж ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяр "Монгол Улсын Зэвсэгт хүчин тэр дундаа инженерийн цэргийн хөгжлийн нэгэн үеийг үүрч, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадууд та бүхнээрээ бахархаж байна" хэмээгээд усчин дайчид Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг илрүүлж, татан гаргах үүргийг 3 дахь жилдээ нэр төртэй гүйцэтгэснийг онцолж, санал хүсэлтийг нь сонсов.
Хүндэтгэлийн арга хэмжээний төгсгөлд “Ахмадуудаа дээдлэн хүндэтгэе” цэнгүүнийг зохион явуулж, хүндэтгэлийн зоог, урлагийн тоглолтыг ахмад дайчдадаа өргөн барьж, дурсгалын зүйл гардуулан өглөө.