2022-2024 оны “Гэмтэл Согог Судлал”-ын үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын төгсөлтийн шалгалт 09 дүгээр сарын 20-ноос 27-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг шалгалтад ЭМХТ-ийн 17, АШУҮИС-ийн 6 буюу нийт 24 резидент эмч хамрагдсанаас төгсөх шалгалтад 23 нь тэнцэж, гэмтэл согогийн үндсэн мэргэжлийн эмч боллоо. Үүнээс хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын захиалгаар суралцсан зургаан эмч шалгалтаа амжилттай өгч, орон нутагтаа ажиллахаар болж буй юм.
Төгсөх шалгалтад ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, Монгол Улсын Хүний гавьяат эмч, ШУ-ны академич, АШУ-ны доктор, профессор, Ардын эмч, зөвлөх зэргийн эмч Р.Шагдарсүрэн, АШУҮИС-ийн Гэмтлийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Л.Наранбат, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Баатаржав тэргүүтэй зөвлөх эмч болон тасгийн эрхлэгч нарын баг бүрэлдэхүүн ажиллаж, резидент эмч нарын мэдлэг ур чадварыг сорилоо.
"Гэмтэл согог судлал"-ын үндсэн мэргэшлээр суралцаж төгссөн нийт эмч нартаа төвийн удирдлага, эмч нарын баг “Энэ цаг мөчөөс эхлэн та бүхэн маань Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрсдийн сурч мэдсэнээ хэрэгжүүлэн, эмч мэргэжилтнүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллах боллоо.
Гэмтэл согог судлалын салбарын ирээдүйн хөгжил дэвшил шинэ залуу төгсөгч та бүхнээс ихээхэн хамааралтай учраас салбартаа манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Эмчийн мэдлэг ур чадвараас гадна хувь хүний ёс зүй, сахилга батыг чандлан сахиж, хамгийн гол нь ХҮН байх хэрэгтэй шүү” хэмээн нийт төгсөгчдөдөө хандан амжилт хүслээ.