Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурийн төлөөлөгч Шэннон Коулиныг өнөөдөр (2024.09.30) хүлээн авч уулзлаа.
Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь ард иргэдийг гамшгаас хамгаалах, сэргийлэхэд чухал ач холбогдолтой байсны зэрэгцээ “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг ОБЕГ-т 2020-2024 онд хэрэгжүүлсэн нь өндөр үр дүнтэй байсныг Шадар сайд уулзалтын эхэнд цохон тэмдэглэж, талархал илэрхийллээ.
Өдгөө хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Монгол Улсын зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоо, гамшгийн бэлэн байдлыг бэхжүүлэх” төсөл нь гамшгаас эрт анхааруулах, зарлан мэдээлэх системийг олон нийтэд хүртээмжтэй, хэрэглэхэд дөхөм, ойлгомжтой болгохоос гадна гамшгийн улмаас учирч болзошгүй хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, аврах, туслахад онцгой байдлын байгууллага, иргэд олон нийтийн чадавхыг бэхжүүлэх ихээхэн ач холбогдолтойг онцоллоо.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайдын хувьд чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч ажиллаж байна. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, бүс нутгийн болон олон улсын эдийн засгийн сүлжээнд холбох гарцыг нээх, хөдөлмөр эрхлэлт болон эдийн засгийн боломжийг бүрдүүлэх үйл явцыг хурдасгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх” төслийг 2020 оноос хойш хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлье.
Монгол Улсын Шадар сайд миний бие өмнөх Засгийн газрын үед ч уг төслийг хариуцан хэрэгжүүлж ирсэн бөгөөд хэсэг хугацаанд Эдийн засаг, хөгжлийн яам руу төслийн чиг үүрэг нь шилжсэн байсан. Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль Улсын Их Хурлын чуулганаар батлагдаж, чөлөөт бүсийн асуудал нь бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудалд хамаарах болсон.
Сангийн яамны зүгээс төсөл шилжихтэй холбоотой бүхий л баримт бичгүүдийг Азийн хөгжлийн банканд хүргүүлсэн. Уг төсөл нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, экспорт болон ажлын байрыг нэмэгдүүлэх замаар олон улсын бүс нутгийн үнэ цэнийн сүлжээнд холбогдох чухал ач холбогдолтой төсөл юм. Иймд Замын-Үүд чөлөөт бүсэд хэрэгжиж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн гүйцэтгэгч байгууллагын чиг үүргийг Монгол Улсын Шадар сайд руу шилжүүлэх ажлыг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэлээ.