Монгол Улс 2022 оны эхний 5 сард нийт 142 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.1 тэрбум америк доллар, импорт 3.1 тэрбум америк доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (21.9%) тэрбум америк доллароор, экспорт 760.8 (22.9%) сая америк доллароор, импорт 535.7 (20.6%) сая америк доллароор тус тус өсжээ. Харин экспорт өмнөх сараас 405.8 (46.2%) сая америк доллароор, импорт 129.3(19.6%) сая америк доллароор тус тус өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний 5 сард 946.5 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 225.1 (31.2%) сая америк доллароор өсжээ. Мөн 2022 оны 5 дугаар сард 496.5 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 276.5 (2.3 дахин) сая америк доллароор өссөн байна.
БНХАУ-тай 2022 оны эхний 5 сард 4.4 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 61.0 хувийг эзэлж байна.
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 44.9 хувийг чулуун нүүрс, 39.8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлж байна.