Олон Улсын /ФИДЕ/ шатрын холбооноос хүмүүжигчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Дэлхийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн цахим тэмцээнд хүмүүжигчид амжилттай оролцов. Манай ШШГЕГ-ын харьяа 415 дугаар хорих ангийн баг тамирчид дэлхийн 57 орны 135 багтай өрсөлдөн гуравдугаар байрыг эзэлж, хүрэл медалийн тавцанд зогслоо.

Монголын баг хүрэл медаль хүртсэн тус тэмцээний эхний хоёр байрт дараах улсууд шалгарчээ:
-
1 дүгээр байр (Алтан медаль): Мексик улс
Мексикийн "CEFERESO-18 Коауила" хорих ангийн баг шигшээ тоглолтод маш ширүүн өрсөлдөж, дэлхийн аварга болсон байна. -
2-р байр (Мөнгөн медаль): Армени улс
Арменийн хүмүүжигчдийн баг Мексикийн багтай финалд тунаж, удаах байрыг эзэлжээ.
Олон Улсын Шатрын Холбооны (ФИДЕ) албан ёсны тайлангаар, эмэгтэй хүмүүжигчдийн ангилалд Монголын баг (407 дугаар анги) эхний шатандаа хүчтэй өрсөлдөгч болох Энэтхэгийн багтай нэг хэсэгт (Нэгдүгээр хэсэг) багтан тоглосон байна.
Уг хэсгээс Энэтхэгийн баг бүх тоглолтондоо хожиж тэргүүлэн шигшээ шатанд шалгарсан бөгөөд улмаар финалд Мексикийн эмэгтэй багийг хожиж Дэлхийн аварга (Алтан медаль) болсон юм.
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401, 409, 415, 419, 423, 427, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй 3 баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй 1 баг, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны ангилалд 1 баг нийт 24 тамирчин оролцлоо.
Энэ удаагийн тэмцээнд АНУ, Филиппин, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Австрали зэрэг 57 орны 135 баг, тамирчид өрсөлдсөн юм.
ТАТАР МАЙДАР






Спорт



