Dark Light
Гадаад | 2025-05-13

САРАН ДЭЭР ЯВАХ ДУГУЙ БҮТЭЭНЭ

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Хүн төрөлхтөн хагас зууны дараа дахин Саран дээр хөл тавих, цаашлаад Ангараг гарагийг зорих гэж байгаа тул Сар болон ангараг гараг дээр аюулгүй зорчих "дугуйг дахин зохион бүтээх" хэрэгтэй болж байна.

Ангараг гарагийн хатуу ширүүн нөхцөл байдлыг 2012 онд газардсан NASA-ийн "Curiosity" хэмээх жолоочгүй хайгуулын төхөөрөмжийн туршлага харуулсан. Газардсанаас нэг жилийн дараа түүний дугуйнууд цооролт, урагдлаар дүүрсэн байжээ.

Харин сарны хувьд АНУ-ын Artemis хөтөлбөрийн хүрээнд сансрын нисэгчдийг 2027 онд буулгахаар зорьж байна. Харин Artemis V-ын хөтөлбөрт 2030 оны аяллаас эхлэн сансрын нисэгчид сарны өмнөд туйл орчмыг тусгай хөлөг болох сарны дугуйт тээврийн хэрэгслээр судлах ажээ.

Аполлогийн нислэгийн үеэр буюу 1969–1972 оны хооронд сарны гадаргууд хийсэн зургаан буултын аль ч үед нисэгчид 40 км-ээс илүү зайг туулж байгаагүй. Харин Artemis хөтөлбөрийн хүрээнд энэ тоог хэд дахин өсгөх төлөвтэй байна.

Энэ хүрээнд "Бидний зорилго — арван жилийн хугацаанд 10,000 км зам туулах" хэмээн дугуй үйлдвэрлэгч Michelin компанийн Сарны агааргүй дугуйн хөтөлбөрийг удирдаж буй Сильван Бартэ мэдэгджээ.

NASA-ийн инженер, материал судлаач доктор Санто Падула мөн: "Бид долоо хоногийн богино хугацааны аяллын тухай яриагүй, харин хэдэн арван жилийн хэрэглээний тухай ярьж байна" хэмээн онцолсон байна.

Сарны гадаргууд зориулсан технологи хөгжүүлж буй инженерүүдийн хувьд хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь температурын асар их хэлбэлзэл юм. Ялангуяа Сарны туйлын бүс нутагт температур -230 хэм хүртэл унаж, бараг абсолют тэгтэй (атомын хөдөлгөөн бүрэн зогсдог түвшин) тэнцэхүйц хүйтэн болдог.

Энэ нь дугуйнд ихээхэн хүндрэл үүсгэдэг гэж NASA-ийн инженер, материал судлаач доктор Санто Падула тайлбарлажээ. "Атом хөдөлгөөнгүй бол материал уян хатан байж, анхны хэлбэртээ эргэн орох чадваргүй болдог" гэж тэр хэлсэн байна.

Түүнчлэн ирэх үеийн шинэ тээврийн хэрэгслүүд нь Аполлогийн үеийн хөнгөн дугуйтаас илүү их ачаа даах чадвартай байх хэрэгтэй болж байна. "Судалгааны илүү том платформ, мөн зөөврийн орон сууц зэрэг тоног төхөөрөмжүүд улам томрох тул дугуйн ачаалал ихсэх нь тодорхой" гэж тэр нэмж хэлсэн байна.

Харин Ангараг гараг дээр энэ асуудал бүр ч томоохон сорил болж хувирна, учир нь тэндхийн таталцлын хүч сарныхаас хоёр дахин илүү юм.

Сар болон Ангараг гарагийн хэт хүйтэн температур, сансрын туяа нь резинийг задалж, эсвэл хэврэг шил мэт болгодог тул сансарт ашиглах агааргүй дугуйнд металл хайлш болон өндөр гүйцэтгэлтэй хуванцар голчлон хэрэглэгдэх болжээ.

Michelin болон Bridgestone компаниуд нь тус тусдаа консорциумын бүрэлдэхүүнд багтаж, Калифорни мужийн Venturi Astrolab компанитай хамтран Сарны дугуйн шинэ технологийн саналаа энэ тавдугаар сард NASA-д, Жон Гленн төвд танилцуулна.

NASA энэ оны сүүлээр аль нэгийг нь сонгох, эсвэл эдгээр саналаас оновчтой хэсгүүдийг хослуулах шийдвэр гаргах юм.

Одоогоор Michelin компани Францын Клермон-Ферран хотын ойролцоох галт уулын нунтаглаг хөрстэй газар тест хийж байгаа бол Bridgestone Японы баруун хэсэгт орших Тоттори элсэн манхан дээр туршилт явуулж байна.

Мөн Европын Сансрын агентлаг (ESA) ирээдүйн дагуул хөтөлбөрүүдэд зориулж Европ өөрөө rover бүтээх боломжийг судалж байгааг Michelin-ийн төлөөлөгч Сильван Бартэ онцолжээ.

Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00