АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад болон Оросын төрийн тэргүүн нартай Шэньжэнь хотноо хийх чухал хэлэлцээний өмнө Ази дахь Вашингтоны ашиг сонирхлыг бэхжүүлэх хүрээнд Филиппинтэй батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ Лхагва гарагт амлалаа.
Манила хотноо Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниортой хийсэн уулзалтынхаа нээлтэд Д.Трамп хоёр орны харилцааг Номхон далайн бүс нутаг дахь Америкийн хамгийн эртний бөгөөд чухал холбоотнуудын нэг хэмээн сайшаав. Тэрээр “Бид дэлхийн энэ хэсгийн аюулгүй байдлын гол тулгуур болсоор ирсэн батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна. Манилад үзүүлэх цэргийн санхүүжилтийг түүхэн дээд хэмжээнд хүргэж нэмэгдүүлэхийг АНУ дэмжсэн. Бид зөвхөн найз нөхөдтэйгөө л харилцдаг” хэмээн мэдэгджээ.
Завсрын сонгуульд Бүгд найрамдах нам томоохон ялагдал хүлээж, дотоод улс төрийн байр суурь нь ганхсан энэ үед Д.Трамп Азийн удирдагчид болон БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийх уулзалтаараа дэлхийн тавцан дахь нөлөө, хүч чадлаа хадгалж чадах эсэхээ харуулах сорилттой тулгараад байна.
ӨМНӨД ХЯТАДЫН ТЭНГИС ДЭХ МАРГААН БА “QUAD”-ЫН УУЛЗАЛТ
Д.Трамп Азийн айлчлалаа Мягмар гарагт АНУ, Япон, Энэтхэг, Австрали гэсэн дөрвөн улсын “Quad” нэгдлийн удирдагчидтай хийсэн уулзалтаар эхлүүлсэн юм. Уулзалтаар өндөр технологийн салбарт чухал ач холбогдолтой газрын ховор элемент, далайн аюулгүй байдал болон хиймэл оюун ухааны (AI) асуудлыг хэлэлцсэн бөгөөд Трамп хиймэл оюун ухааны ирээдүйг Америкийн үнэт зүйлсийг хуваалцдаг улс орнууд тодорхойлох ёстойг онцолсон байна.
Харин Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүс нутгийн асуудлаар Бээжинтэй зөрчилдөж буй Филиппиний хувьд АНУ-аас батлан хамгаалах гэрээнийхээ дагуу цэрэг, хөлөг онгоцуудыг нь хамгаалах илүү тодорхой баталгааг хүсэж байгаа юм. Харин сэтгүүлчид Өмнөд Хятадын тэнгис дэх хурцадмал байдлын талаар асуухад Д.Трамп “Би огт санаа зовохгүй байна” гэж хариулжээ.
ШЭНЬЖЭНЬ ДЭХ УУЛЗАЛТ БА “G3”-ЫН БОЛГООМЖЛОЛ
Д.Трамп цааш БНХАУ-ын Шэньжэнь хотыг зорьж, Пүрэв гарагт АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Ши Жиньпинтэй уулзана. Талууд худалдаа, эдийн засгийн харилцаа, тэр дундаа Хятадын газрын ховор элементийн экспортын хязгаарлалт болон Америкийн дэвшилтэт хагас дамжуулагчийн хоригийн талаар хэлэлцэх төлөвтэй байна. Энэ айлчлалд Tesla, SpaceX-ийн тэргүүн Илон Маск болон Mastercard, FedEx-ийн гүйцэтгэх захирлууд дагалдан явах бол Хятадын тагнуулын асуудлаас болж Nvidia-гийн захирлын албан тушаалаасаа огцорсон Жэнсэн Хуан оролцохгүй аж.
Түүнчлэн Пүрэв гарагт Д.Трамп, Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын цөмийн зэвсэгтэй гурван их гүрний удирдагчдын гурван талт уулзалт болох хуваарьтай байна. Уулзалтаар цөмийн зэвсгийн хяналт, Иран болон Украины дайны асуудлыг хөндөж болзошгүй ч томоохон тохиролцоонд хүрэх магадлал бага гэж шинжээчид үзэж байна.
Олон улсын хямралын группын Орос судлаач ахлах шинжээч Олег Игнатов “Трампын ийм хэлбэрээр харилцах хүсэл эрмэлзэл нь АНУ-Хятад-Оросын ‘G3’ гэх санааг нээлттэй хүлээн авч буйг харуулж байна. Энэ нь эдгээр гурван гүрэн өөрсдийнх нь дээгүүр давж тохиролцоо хийх вий хэмээн болгоомжилж буй АНУ-ын холбоотон болон түнш орнуудын санааг ихээхэн зовоож байна” хэмээн дүгнэжээ.
ТАТАР МАЙДАР






Гадаад



