Бразилын Сан Паулогийн Их Сургуулийн Зоологийн музейн судлаач Андерсон Лепеко 2024 оны 9-р сард тус музейн чулуужсан үлдэгдлийн цуглуулгыг судалж байхдаа 113 сая жилийн өмнөх, маш ховор шоргоолжны чулуужсан олдворыг илрүүлжээ. Энэхүү шоргоолж нь үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан бөгөөд олзоо агнахдаа өөр бусад төрлийн шоргоолжноос тэс өөр, ер бусын арга ашигладаг байжээ.
Уг шавьж нь өнөө үед устаж үгүй болсон Haidomyrmecinae хэмээх дэд овгийн нэгэн гишүүн бөгөөд хамгийн сүүлд Мелийн үед буюу 66–45 сая жилийн өмнө амьдарч байсан нь тогтоогджээ. Энэхүү шинэлэг олдворын талаар “Current Biology” сэтгүүлд пүрэв гарагт нийтэлсэн байна.
Шавьжны чулуужсан үлдэгдэл нь маш ховор тохиолддог бөгөөд өмнө нь Франц, Мьянмараас олдсон ийм төрлийн шоргоолжнууд нь 99 сая жилийн өмнөх үед хамаарч байв. Харин Бразилаас олдсон энэ шоргоолж нь эволюцийн маш эрт үеийнх бөгөөд тухайн үед шоргоолжнууд дэлхий даяар өргөн тархсан байсныг илтгэж байна гэж судлаачид дүгнэжээ.
Өнөөдөр шоргоолжнууд нь Антарктидаас бусад бүх тивд амьдардаг хамгийн олон төрөл зүйлтэй, амжилттай хувьссан шавжны бүлэгт тооцогддог юм.
Эх сурвалж
| CNN
|