Олон улсын түүхий эдийн зах зээл: Саудын Арабын хоолойн саатал болон Ойрхи Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөв
Азийн түүхий эдийн биржийн арилжаа эхлэхэд Brent маркийн газрын тосны ирээдүйн гэрээний үнэ (фьючерс) 1.24 ам.доллар буюу 1.18%-иар өсөж, баррель нь 106.93 ам.долларт хүрсэн бол АНУ-ын West Texas Intermediate (WTI) маркийн газрын тосны үнэ 1.29 ам.доллар буюу 1.24%-иар өсөж, 102.65 ам.долларт хүрч хаагджээ. Саудын Арабын дамжуулах хоолойн саатал нь тус улс Хормузын хоолойг тойрч, Улаан тэнгисийн Янбу боомт руу өдөрт тээвэрлэдэг 4 сая орчим баррель газрын тосны урсгалыг хаагаад байгаа бөгөөд хэрэв үйл ажиллагааг шуурхай сэргээхгүй бол дэлхийн нийт нийлүүлэлтийн 4 хүртэлх хувь зах зээлээс арчигдах эрсдэл үүсээд байгааг шинжээчид анхааруулж байна.
Түүхий эдийн үнийн энэхүү огцом өсөлтөд хөрөнгө оруулагчид инфляцын дарамтаас эмээж эхэлсэн бөгөөд энэ нь АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөжийг сүүлийн жилүүдийн хамгийн дээд түвшин болох 5%-д хүргэж өсгөв. Эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдлаас шалтгаалан Азийн хөрөнгийн биржүүдийн гол индексүүд (MSCI, Өмнөд Солонгосын KOSPI) уналттай байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид энэ долоо хоногийн сүүлээр болох АНУ болон Японы Төв банкуудын мөнгөний бодлогын шийдвэрийг хүлээж байна. Валютын зах зээлд ам.долларын индекс 99.53 нэгж болж бага зэрэг чангарсан бол спот алтны ханш 0.15%-иар буурч, унц нь 4,291.59 ам.доллар болоод байгаа билээ.
Монгол Улсад үзүүлэх нөлөө
Олон улсын зах зээл дээрх түүхий газрын тосны үнийн өсөлт Монгол Улсын дотоодын шатахууны жижиглэнгийн үнэд шууд болон дам байдлаар дараах сувгуудаар нөлөөлөх эрсдэлтэй байна.
Нэгдүгээрт, Монгол Улс шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ-ын "Роснефть" компаниас импортолдог бөгөөд импортын хилийн үнэ нь олон улсын зах зээл дээрх Brent маркийн газрын тосны өмнөх сарын дундаж үнэтэй шууд уялддаг томьёогоор бодогддог. Тиймээс Brent-ийн үнэ баррель нь 106 ам.долларт хүрч өссөн үр нөлөө нь дараагийн сарын импортын шатахууны тоннын үнэд тусч, дотоодод жижиглэнгийн үнэ нэмэгдэх үндсэн дарамт болно.
Хоёрдугаарт, АНУ-ын болон Ойрхи Дорнодын хямралаас үүдэлтэй нийлүүлэлтийн айдас нь Азийн бүсийн шатахууны үнийн суурь индекс болох Сингапурын биржийн (MOPS) бэлэн бүтээгдэхүүний үнийг өсгөдөг. Энэ нь манай улсын БНХАУ болон бусад орноос авч буй бага хэмжээний шатахууны импортын өртгийг мөн адил нэмэгдүүлнэ.
Гуравдугаарт, олон улсын хямралаас шалтгаалж ам.долларын индекс 99.53 нэгж хүрч чангарч байгаа нь хөгжиж буй орнуудын валютын ханшийг сулруулах нөлөөтэй. Шатахууныг ам.доллароор худалдаж авдаг манай улсын хувьд төгрөгийн ханш сулрах нь дотоодын шатахуун импортлогчдын зардлыг өсгөж, улмаар шатахуун түгээх станцууд дээрх литрийн үнийг нэмэхэд хүргэдэг байна.
ТАТАР МАЙДАР





Эдийн засаг




