Loro Piana Монгол дахь тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих таван жилийн стратеги төслийн явцаа танилцууллаа.
Дэлхийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлийн гол тоглогч LVMH группийн охин компани болох Loro Piana брэнд Монгол Улсын Зүүн бүсийн тал хээрийн биологийн олон янз байдлыг хамгаалах, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой хадгалах зорилготой "Resilient Threads" хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг эрчимжүүлж байна. Тус брэнд нь Италиас гадна цорын ганц ноолуур боловсруулах үйлдвэрээ Улаанбаатар хотод ажиллуулдаг бөгөөд Сүхбаатар аймаг дахь малчдын хоршоог дэмжих таван жилийн хөрөнгө оруулалтын стратегийг хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү төсөл нь урт хугацааны бизнесийн эрсдэлийг бууруулах тогтвортой хөгжлийн бодлогод суурилсан бөгөөд хүн, мал, байгаль орчныг нэгдмэл байдлаар авч үзэх "One Health" буюу "Нэг эрүүл мэнд" концепцын дагуу явагдаж байна. Стратегийн хүрээнд алслагдсан малчдын бүлгүүдэд малын вакцинжуулалт болон бизнесийн сургалт явуулах анхны явуулын хабыг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн бэлчээрийн газрын доройтлыг бууруулахаар Биологийн олон янз байдлын төв болон Үрийн банкийг үүсгээд байна.
Тансаг зэрэглэлийн түүхий эдийн чанарыг хамгаалах зорилгоор цаг уурын эрс тэс уур амьсгал, зудын эрсдэлд өртөмтгий Баяндэлгэрийн улаан ямааны үүлдэр угсааг нөхөн сэргээх хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Энэхүү үүлдэр нь олон улсын зах зээлд өндөр үнэлэгддэг өвөрмөц саарал ноолуурын эх үүсвэр бөгөөд малын тэсвэрлэх чадварыг сайжруулснаар нийлүүлэгч малчин өрхүүдийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах давхар ач холбогдолтой юм.
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал (COP17)-ын үеэр тус брэндийн хэрэгжүүлж буй төсөл нь бэлчээрийн мал аж ахуйн салбарт хариуцлагатай үйлдвэрлэлийг нэвтрүүлж, ESG (Байгаль орчин, нийгэм, засаглал) шаардлагыг хангаж буй олон улсын үлгэр жишээ кэйс гэдгийг онцолжээ. Түүхий эдийн гарал үүслийг хянах "ухаалаг баглаа боодол" (smart bales) технологийг нэвтрүүлснээр Loro Piana нь дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлд нийлүүлэлтийн сүлжээний бүрэн ил тод байдлыг баталгаажуулж байгаа аж.
Монгол Улс бол Орос, Хятад хоёр гүрний дунд орших далайд гарцгүй уудам нутаг бөгөөд өвлийн улиралд температур нь хасах 50 хэм хүртэл хүйтэрдэг, нийт хүн амын гуравны нэг нь нүүдэлчин амьдралын хэв маягаа хадгалсаар буй орон юм. Нийслэл Улаанбаатар хот нь Зөвлөлтийн үеийн архитектур болон Азийн орчин үеийн эрчим хүчний нэгдэл буюу багахан Москва, өчүүхэн Сөүл хотын өнгө аясыг шингээсэн, өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй хот билээ.
Энэхүү эрс тэс уур амьсгал нь Монгол орныг Капра Хиркус (Capra Hircus) үүлдрийн ноолуурын ямааны байгалийн уугуул нутаг болгодог байна. Ямаанууд хахир хүйтнээс өөрийгөө хамгаалахын тулд урт ширүүн үснийхээ доор, арьсандаа наалдсан маш зөөлөн хөвсгөр ноолууран давхарга ургуулдаг. Энэхүү давхрага буюу ноолуур нь маш нарийн, дулаан тусгаарлах чадвар өндөртэй бөгөөд хавар ямааны өвлийн хөөвөр үс байгалиасаа гуужих үед гараар самнаж авдаг байна.

Яг энэ шатанд Loro Piana брэндийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа эхэлдэг агаад уг үйлдвэрт малчдын гар дээрээс авсан тослог ихтэй, өвлийн хахир хүйтнийг элээсэн түүхий ноолуураа ангилах, угаах болон хялгас ялгах анхан шатны боловсруулалтад оруулдаг. Үүний дараа хагас боловсруулсан түүхий эдийг Итали руу тээвэрлэж, олон улсын зах зээлд өндөр үнэлэгддэг тансаг зэрэглэлийн цув, ноолууран цамц болон брэндийн нэрийн хуудас болсон ороолтуудыг ээрэх, будах, нэхэх дараагийн шатны үйлдвэрлэл рүү шилжүүлдэг юм.
ТАТАР МАЙДАР





Эдийн засаг




