Dark Light
Нийгэм | 2026-09-10

БААВГАЙ АГНАВАЛ МОНГОЛД ТОРГУУЛНА, БУРИАДАД ШАГНУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Монголын зарим аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд үзэгдэх тохиолдол нэмэгдэж байгаа бол ОХУ-ын Буриад улсад ч ижил нөхцөл үүсээд байна. Гэхдээ хоёр талын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ харилцан адилгүй. Монголд хүрэн баавгайг хууль бусаар агнавал хариуцлага хүлээлгэдэг бол Буриадад хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн баавгайг устгасан анчдад мөнгөн урамшуулал олгож байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээлснээр 2026 он гарснаас хойш хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн 10 гаруй тохиолдол Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт бүртгэгджээ. Тухай бүрд нь орон нутгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллага болон холбогдох албаныхан хамтран тухайн амьтныг айлгаж, цочоолгүйгээр суурьшлын бүсээс хөөж гаргах арга хэмжээ авч байгаа аж. Xүрэн баавгай нь ховор амьтан бөгөөд зөвшөөрөлгүй агнавал Эрүүгийн хуулийн 24.5.1-д заасан хариуцлага хүлээлгэдэг. Цагдаагийн байгууллага 2026 оны гуравдугаар сард хууль бусаар агнасан хүрэн баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээг 12.45 сая төгрөг гэж мэдээлж, агнасан хүнд тус үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж нөхөн төлүүлэх зохицуулалттайг дурдсан.

Баавгай яагаад хүн амьдардаг газар руу ойртож байгааг холбогдох байгууллагууд судалж байна. Хоол тэжээл, усны хомсдол, ган, түймэр зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна ойн бүсэд хүний хөдөлгөөн нэмэгдэх, самар, жимс түүх, хууль бус ан агнуур зэрэг нь амьтны хэвийн амьдрах орчныг алдагдуулах шалтгаан болдог. Мөн малын сэг зэм, хүнсний хаягдал, ил задгай хог нь баавгайн анхаарлыг татаж, айл, суурин газар руу ойртоход нөлөөлдөг байна.

Өөрөөр хэлбэл суурьшлын бүсэд баавгай үзэгдэх нь зөвхөн тоо толгой нь нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэх нь өрөөсгөл. Байгаль дахь идэш тэжээлийн өөрчлөлт, хүний үйл ажиллагаа, хог хаягдлын зохисгүй байдал зэрэг олон хүчин зүйл давхцаж буй асуудал.

Харин ОХУ-ын Буриад улсад хүн ам суурьшсан бүс рүү баавгай орж ирэх тохиолдол олширсонтой холбоотойгоор аюултай баавгайг устгасан анчдад олгох урамшууллыг 15 мянган рубль болгон нэмэгдүүлжээ.

Буриадын Байгаль орчны хяналтын газрын мэдээлснээр баавгай агнах нь хүний амь насанд өндөр эрсдэлтэйгээс гадна цаг хугацаа, санхүүгийн зардал их шаарддаг тул ийнхүү урамшууллын хэмжээг өсгөсөн байна. Тус бүс нутагт хүний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор анчдаас бүрдсэн 24 тусгай бүлэг ажиллаж байгаа бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн 76 баавгайг устгаж, тоо толгойн зохицуулалт хийжээ.

Мөн баавгай тогтмол үзэгдэх болсон зарим ойн бүсийн ойролцоо соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлаж, нутгийн иргэд болон жуулчдыг шаардлагагүй тохиолдолд ой руу явахгүй байхыг анхааруулсан байна.

Монголд харин хүрэн баавгайг ховор амьтанд тооцдог бөгөөд зөвшөөрөлгүйгээр агнахыг хориглодог. Иймээс суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг иргэд дур мэдэн буудах, устгах боломжгүй бөгөөд мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдээлэх шаардлагатай.

Ийнхүү Монголын тал суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг үргээж, байгалийн бүс рүү нь буцаахыг нэн тэргүүнд тавьж байгаа бол Буриадад хүний амь нас, эрүүл мэндэд шууд заналхийлсэн амьтдыг устгаж, тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч байна.

Хэрвээ баавгайтай нүүр тулсан үед аль улсад байгаагаас үл хамааран иргэдийн өөрсдийн авах арга хэмэжээ, үйлдэл нэн чухал. Баавгай харсан даруйдаа гүйж зугтах нь хамгийн аюултай үйлдлийн нэг. Баавгай хүнээс хавьгүй хурдан бөгөөд зугтаж буй хөдөлгөөн нь араас хөөх зөнг өдөөж болдог.

Баавгайтай таарсан тохиолдолд тайван байж, огцом хөдөлгөөн хийхгүй, орилж хашхирахгүйгээр аажмаар холдохыг зөвлөдөг. Нуруугаа харуулан гүйхийн оронд баавгайд өөр чиглэлд явах зай үлдээх хэрэгтэй. Мөн бамбарууштай баавгайд ойртох нь онцгой аюултай. Эх баавгай үр төлөө хамгаалах үедээ илүү түрэмгий зан гаргах магадлалтай.

Мод руу авирахыг ч найдвартай аврал гэж үзэж болохгүй. Хүрэн баавгай модонд авирах чадвартай. Харин баавгай шууд дайрч, биед хүрсэн тохиолдолд толгой, хүзүүгээ гараараа хамгаалан гэдсээрээ хэвтэж, хөдөлгөөнөө багасгахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг.

Суурьшлын бүсэд баавгай орж ирж байгаа асуудлыг зөвхөн “аюул” гэдэг өнцгөөр харах нь хангалтгүй. Энэ нь эргээд хүмүүс бидний амьтны амьдрах орчинд хэр нөлөөлж байна, хог хаягдал, хүнсний үлдэгдэл, малын сэг зэм зэргээр зэрлэг амьтдыг суурин газар руу татаж байгаа эсэхийг мөн эргэн харах шаардлагатай.

Монгол, Буриад хоёр ижил асуудалтай тулгарч байгаа ч сонгосон арга нь өөр байгааг харж болно. Нэг тал нь хамгаалж, байгальд нь буцаахыг зорьж байгаа бол нөгөө тал нь хүний аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд устгах хүртэл арга хэмжээ авч байна. Харин аль ч тохиолдолд хүн, зэрлэг амьтны зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга нь баавгайг суурьшлын бүс рүү татах нөхцөлийг бий болгохгүй байх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19