2020 оны 6-р сарын 20-ны өдөр "Тв4" телевизийн сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Д.Дөлгөөн нар зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Уг хэргийн шүүх хурал нийт таван удаа хойшилсон тул ар гэрийнхэн нь хэргийг үнэн зөвөөр яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэн хэвлэлийнхэнд хандлаа.
Зураглаач Д.Дөлгөөний аав:"Бид нарт тодорхой мэдээлэл өгөөгүй. Сүүлд коронатай холбоотой гээд сар гаран хойшилсон. Гэхдээ энэ коронагийн үед хэд хэдэн олны танил хүмүүсийн асуудал шийдэгдээд болж байсан. Тэгсэн хэрнээ манай хэргийг коронатай холбогдуулаад 2 удаа хойшлуулсан. Өмнө нь хийсэн хурал дээр дорвитой шийдвэр надад харагдаагүй. Галсансүх ардаа ямар ар талтай болоод ийм сонин байдалтай харьцаад байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Ядаж хохирогч талаасаа ирээд уучлалт гуйж болно. Тэгэхэд нэгч удаа ирж уучлалт гуйгаагүй. Үнэндээ гомдолтой байна. Оршуулгын зардлыг ч бүрэн өгөөгүй байна. Жирийн иргэд бид нарын хэргийг яагаад шийдээд өгч болдоггүй юм. Хаалга тогших бүрд хүү минь ороод ирэх юм шиг санагддаг энэ хэргийг яагаад шийдэж өгөхгүй байгааг мэдэхгүй байна" гэлээ.
Сэтгүүлч Г.Батхүү агсны гэргий: "Шүүх хурал таван удаа хойшилсон. Гэтэл хэрэг гарснаас хойш долоон сар өнгөрлөө. Хойшилж байгаа шалтгаан нь шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлт гэж байгаа юм. Цар тахлын үед үе гээд хойшилсоор байна. Энэ үед шүүх, хууль, прокурорын байгууллага ажиллаж байсан шүү дээ. Шүүгдэгчийн ар гэрээс нэг удаа холбоо барьсан. Өөрөөр бидэнтэй уулзаагүй. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Өнөөдөр дахиад ч хойшилж магадгүй юм байна Би насанд хүрээгүй дөрвөн хүүхэдтэй үлдсэн. Цар тахлын үед ажил хийх боломжгүй байна. Маш их гомдолтой байна” гэлээ.
АДМИН








Нийгэм



