Dark Light
Нийгэм | 2026-11-27

МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭРДЭМТЭД ТАСАЛГААНЫ ТЕМПЕРАТУРТ АЖИЛЛАХ 2D СОРОНЗНЫ НУУЦЫГ ТАЙЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын эрдэмтэн, БНСУ-ын Инчоны үндэсний их сургуулийн Физикийн тэнхимийн профессор Доржийн Одхүү болон тус сургуулийн залуу судлаач Түмэнцэрэнгийн Очирхуяг нар Улсаны их сургуулийн эрдэмтэдтэй хамтран орчин үеийн технологийн ертөнцөд томоохон ахиц авчрах шинжлэх ухааны нээлт хийж, Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орлоо.

Тэдний баг дараагийн үеийн хиймэл оюун ухааны (AI) хагас дамжуулагч болон квант компьютерын гол түүхий эдэд тооцогдож буй хоёр хэмжээст (2D) соронзон материал яагаад өрөөний температураас давсан халуун нөхцөлд ч хүчтэй соронзон чанараа хадгалдаг болохыг дэлхийд анх удаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан байна. Ульсаны их сургуулийн Шинэ материал, хагас дамжуулагчийн нэгдсэн сургуулийн профессор Им Сон Хён, Инчоны их сургуулийн профессор Доржийн Одхүү нарын удирдсан уг судалгааны үр дүнг 2026 оны долдугаар сарын 9-нд Солонгосын “Newsis” агентлаг тэргүүтэй хэвлэлүүд онцлон мэдээлсэн бөгөөд судалгааны эрдэм шинжилгээний өгүүлэл АНУ-ын Физикийн нийгэмлэгийн (APS) нэр хүндтэй “Physical Review Research” олон улсын сэтгүүлд албан ёсоор хэвлэгджээ.

Шинжлэх ухааны тогтсон ойлголтыг өөрчилсөн нээлт

Хоёр хэмжээст (2D) соронзон материал гэдэг нь ердөө хэдхэн атомын зузаантай хэт нимгэн бүтэцтэй хэрнээ ердийн соронз мэт соронзон чанараа хадгалдаг өвөрмөц бодис юм. Дараагийн үеийн электрон төхөөрөмж, ухаалаг чипний үндсэн материалд тооцогддог ч өнөөг хүртэл ийм төрлийн материалууд зөвхөн хэт хүйтэн буюу маш бага температурт л соронзон шинжээ хадгалдаг сул талтай байсан нь практик хэрэглээнд нэвтрүүлэхэд гол саад болж байв.

Харин сүүлийн үед эрдэмтдийн нээсэн төмөр–галли–теллурын нэгдэл (Fe3GaTe2) нь ойролцоогоор 100 хэм (100C) хүртэлх халуунд ч соронзон шинжээ алддаггүй нь тогтоогдсон боловч чухам яагаад ийм өндөр температурт тогтвортой байдгийн цаад шалтгаан нууц хэвээр байсан юм.

Монгол, Солонгосын эрдэмтдийн хамтарсан баг атомуудын хоорондын соронзон холбоог нарийвчлан судалсны дүнд шинжлэх ухаанд өмнө нь тогтоод байсан ойлголтыг өөрчилсөн цоо шинэ зүй тогтлыг илрүүлжээ. Тодруулбал, өмнө нь эрдэмтэд зөвхөн ойр зэргэлдээ орших атомуудын харилцан үйлчлэл соронзон чанарыг бүрдүүлдэг гэж үздэг байсан бол энэхүү судалгаагаар харин ч илүү хол зайд байрлах атомуудын харилцан үйлчлэл соронзон чанарыг хүчтэй хадгалах шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болохыг нотолсон байна. Түүнчлэн галли (Ga) болон германи (Ge) элементүүдийн электроны тооны ялгаанаас үүдэлтэй Паулигийн хориглох зарчим энэхүү харилцан үйлчлэлийг өөрчилснөөр материалыг тасалгааны температураас дээш халуун нөхцөлд ч тогтвортой соронзон шинжтэй байлгадаг болохыг тогтоожээ.

AI чип болон квант компьютерын ирээдүйд оруулах хувь нэмэр

Энэхүү нээлт нь ирээдүйд тасалгааны температурт ямар ч хөргөлтийн тусгай системгүйгээр тогтвортой ажиллах шинэ үеийн 2D соронзон материалыг зохион бүтээх онолын суурь стандарт болох ач холбогдолтой юм. Судалгааны багийн ахлагч, профессор Им Сон Хён “Энэ бол тасалгааны 2 хэмжээст соронзон материал өндөр температурт ч тогтвортой байдгийн нууцыг дэлхийд анх удаа тайлсан судалгаа. Цаашид илүү өндөр хүчин чадалтай, дараагийн үеийн соронзон хагас дамжуулагч материалыг хөгжүүлэхэд чухал онолын тулгуур болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолжээ. Ийм төрлийн материалыг ашигласнаар хиймэл оюун ухааны (AI) чип, цахилгаан зарцуулалт багатай хэт хурдны санах ой болон квант компьютерын технологид томоохон хувьсал гарах үүд хаалга нээгдэж байгаа юм.

15 жилийн тасралтгүй хамтын ажиллагааны үр шим

Энэхүү дэлхийн хэмжээний судалгааны ажилд Улсаны их сургуулийн судлаач Ким Бу Мин болон Инчоны их сургуулийн судлаач Түмэнцэрэнгийн Очирхуяг нар хамтарсан нэгдүгээр зохиогчоор оролцсон нь Монголын залуу эрдэмтдийн чансааг олон улсад харуулсан бахархалтай үйл явдал болов.

Мөн профессор Доржийн Одхүү болон профессор Им Сон Хён нар нь 2010 оноос хойш буюу 15 гаруй жилийн турш олон улсын хамтарсан судалгааг тасралтгүй явуулж, өнөөг хүртэл дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд 15 гаруй хамтарсан эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлээд байгаа бөгөөд энэ удаагийн нээлт нь хоёр эрдэмтний олон жилийн хөдөлмөрийн томоохон оргил боллоо. Уг судалгааг БНСУ-ын Үндэсний судалгааны сан, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл болон Үндэсний суперкомпьютерын төвийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08