Dark Light
Нийгэм | 2021-02-25

“Чингис хаан” музейн үзмэр, олдворыг хадгалах өрөөтэй боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын өвийн үндэсний төв шинэ байрандаа нүүж орох бэлтгэл ажил үргэлжилж байна. 

Соёлын яамнаас 2020 онд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музейд зориулалтын бус, шаардлага хангахгүй орчинд хадгалагдаж байгаа олдвор, цуглуулгыг Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгад шилжүүлж хадгалах талаар зохицуулалт хийж, суурилуулах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. 

Мөн шинээр байгуулах “Чингис хаан” музейн үзмэр цуглуулах, олдвор хэрэглэгдэхүүнийг хадгалах өрөө тасалгааг бэлтгээд байна.

Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орсноор соёлын өвийг бүртгэх, судлах, хамгаалах сэргээн засварлах ажил чанарын болон тоон үзүүлэлтэд ахиц дэвшил гарахаас гадна зориулалтын шаардага хангасан өрөө тасалгаанд соёлын биет өвийг хадгалах боломж бүрдэх билээ. 

Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгыг найман тэрбум төгрөгийн төсвөөр барьсан. 60х40 метрийн хэмжээтэй, газар доорх давхар болон нэг, хоёрдугаар давхраас бүрдсэн, нийт 8,000 ам дөрвөлжин метр талбайтай, 130 гаруй өрөө тасалгаа, хамгаалалтын хашаа, орц гарц бүхий машин зам, авто зогсоол, ногоон байгууламжтай.

Соёлын өвийн үндэсний төвийн барилгад соёлын өвийг хамгаалах чиглэлээр 10 гаруй төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байгаа юм.

Тухайлбал, соёлын биет өв болох археологийн олдвор, яаралтай хамгаалах шаардлагатай музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг зориулалтын төрөлжсөн сан хөмрөгт түр болон байнга хадгалах, сэргээн засварлах соёлын биет өвийг яс, чулуу, мод, төмөр металл, шавар, цаас, арьс шир, уран зураг, монгол зураг, эсгий, даавуу зөөлөн эдлэл зэрэгт төрөлжүүлсэн студи, урлан ажиллах юм. Мөн Монгол Улсын газар нутаг дээр оршин байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох палеонтологи, археологийн төрлийн олдорт газар, чулуун зэвсгийн бууц суурин, эртний булш бунхан, хиргисүүр, хотын туурь балгас, сүм хийд барилга архитектурын дурсгал, хүн чулуу, буган хөшөө, хадны зураг гэх мэт дурсгалын цахим болон цаасан суурьтай Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, төрөлжсөн архивыг бий болгох билээ. 

Түүнчлэн ардын язгуур урлагийн төрөлд хамаарах соёлын биет бус өвийг сурталчлах, өвлөн уламжлагч хүнийг дэмжих, тэдний урын санг баримтжуулах зорилгоор 80 хүний суудалтай мини театртай юм. 

 

Соёлын яам 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22