
On&On үздэг, сонсдог, уншдаг подкастын зочин Гэр бүл судлаач Ж.Баясгалантай гэр бүл, хосуудын харилцаанд тулгардаг бэрхшээл түүнийг хэрхэн даван туулах талаар ярилцлаа.
Н.О: Сайн байна уу? “Монгол эмэгтэйн хатан ухаан”-ы талаар яриагаа эхлье. Эхлээд хатан ухаан гэж тэвчээр, мяндасан ухаан, эмэгтэй хүний 13 ааль алин болохыг тодорхойлбол?
Ж.Б: Баярлалаа. Тун сонирхолтой сэдэв. Хатан ухааны талаар бид сайн мэдэх ч энэ хаана хүрээд зогсох ёстой талаар төдийлөн боддоггүй. Хатан ухаан ярихад эр, эм хоёрын ялгааг авч үзэх хэрэгтэй. Эмэгтэй хүн байгалиасаа хүүхэд тээж, төрүүлдэг болохоор бусдын төлөө гэсэн, хайрлаж, энэрэх нинжин сэтгэлтэй байдаг. Тэдний өгөгдөл нь уян хатан байхаас гадна хайр энэрэл нь тэвчээрийг дагуулж байдаг. Энэ бүхнийг нийтэд нь хатан ухаан гэдэг ойлголтонд багтаах болов уу.
Н.О: Та сая тэвчээр гэж дурдлаа. Яг үнэндээ хатан ухаантай гэж магтаад байх шиг хэрнээ цаагуураа тэвчих, дасан зохицох ёстой шүү гэж шахаж байдаг. Тэгэхээр энэ магтаал уу, тэвчээрийн шалгуур уу?
Ж.Б. Хатан ухаантай гэж өргөмжлөөд начиртаа эмэгтэй хүний тэвчээрийг нь шалгаж, хүч шаардсан тохиолдол амьдралд олон бий. Б.Лхагвасүрэн агсан ”Эмэгтэй хүнийг хэт ухаан зартал нь битгий зовоо” гэж хэлсэн байдаг. Ерөөс эмэгтэй хүний тэвчээрийн туйлыг нь үзэж, арга ухаан сийлүүлж амьдруулах шаардлагагүй шүү дээ. Гэвч шүүх дээр салах өргөдөл өгч байгаа хүмүүсийн 70- 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ нь дийлэнх эмэгтэйчүүд хамтын амьдралд тэвчээрийн эцсийн хязгаартаа хүрч, туйлдсандаа гаргасан шийдвэр байх нь олонтаа.
Н.О: Эр эм хоёр ханилдаг нь хамтдаа жаргах гэснийх. Харин зовохыг бол ганцаараа ч чадна шүү дээ. Зовоод байгаа амьдралыг ухаан сийлж үргэлжлүүлэх шаардлага бий юу?
Ж.Б. Гэрлэлт бол хүйс, эдийн засаг, хайр сэтгэлийн хувьд холбогдох юм. Гэрлэлтийн утга учир нь хайр халамж, аз жаргалыг мэдрэх байдаг. Гэтэл тэр бүхнийг мэдрэхгүй болохоор харилцаанд ан цав гарч, цаашлаад салалтын тухай яригдаж эхэлдэг. Мэргэжлийн сэтгэл зүйчдийн хувьд хүчирхийллээс бусад тохиолдолд хэзээ ч гэр бүл салалтыг зөвлөдөггүй. Уг нь бол эхнэр, нөхөр бие биенийхээ хэрэгцээ шаардлагыг ойлгоод, түүнийг хангах тал дээр багахан анхаараад явчихад гэр бүлийн амьдрал бат бөх байдаг.
Н.О: Биеийн хүчирхийлэл байхгүй ч сэтгэлийн аз жаргал, амар амгаланг эдэлж чадахгүй байвал хичээгээд, үргэлжлүүлээд амьдрах нь зөв үү? Мөн хүүхэд дээр амьдралыг торгоох нь зөв сонголт мөн үү?
Ж.Б: Хүчирхийллийн 4 хэлбэр бий. Бие махбодийн, сэтгэл зүйн, эдийн засгийн, болон бэлгийн хүчирхийлэл байдаг. Нүдэнд харагдахгүй ч сэтгэл зүйн хүчирхийлэл амьдралд маш их элбэг байдаг. Эхнэр гэртээ байхдаа гэрээ цэмбийлгээд, хүүхдүүдээ хараад, хоолоо хийгээд орой нөхрөө угтдаг бол, нөхөр эхнэрийг 3 цаг дэлгүүр гараад явахад араас нь байн байн утасдаад, хэдэд ирэхийг нь шалгааж байгаа нь сэтгэл зүйн хүчирхийлэл юм. Гэвч нөгөө талдаа эмэгтэйчүүд л зөвхөн хүчирхийлэлд өртдөг биш. Эрчүүд ч мөн эмэгтэй хүний зүгээс үгэн хүчирхийлэлд нилээд өртөж байдаг. Тиймээс хүчирхийлэл бол хоёр талтай.
Хүчирхийлэл тэр гэр бүлд бий болоод, эхнэр нөхөр аз жаргалгүй болсон ч үр хүүхдээ л бодож амьдралаа үргэлжлүүлнэ гэдэг бол зөв сонголт биш. Мэдээж хүүхдээ өнчрүүлэхгүй юм сан гэсэн хариуцлага хамгийн түрүүнд бодогдох ч, гэр бүлийн үнэт зүйл бол хүүхэд биш харин эхнэр нөхөр хоёрын харилцаа байдаг. Тус тусдаа маш сайн аав ээж, нийлэхээрээ ойлголцдоггүй эхнэр нөхөр. Тиймээс хэт хүүхэд төвтэй байх нь хосын амьдралыг холдуулж байдаг. Хүүхдүүдийн хувьд ч ижил, аав ээжийн халуун дулаан харилцаанд л илүү аз жаргалтай болж, аюулгүй, амар амгалан, хайр дүүрэн мэдрэмжийг авч байдаг.
Н.О: Тэнцвэртэй амьдралыг хэрхэн бүтээх вэ?
Ж.Б: Эмэгтэйчүүд нилээд санаачлагатай байдаг. Хоол идье, кино үзье, хүүхдээ салхинд гаргая гэхчлэн дийлэнх санаачлага эмэгтэйчүүдээс гарч, тэр нь биелэхгүй болохоор гомдоллож байдаг. Санаачлагатай нөхрийн эхнэр хайраар гэрэлтэж байдаг. Ирэх амралтын өдөр салхинд гарна гээд л хэлчихэд эхнэр нь тэр өдрийг бодож, хүлээж баярлаж байдаг.
Эрчүүд анх эхнэртэйгээ суух гэж байхдаа асар санаачлагатай, мэдрэмжтэй байдаг. Гэвч эр хүний байгалийн араншингаар гэрлээд, өөрийн болсны дараа санаа нь амарчихдаг. Ингээд л санаачлагагүй, идэвхгүй нэгэн болж хувирна. Тиймээс мэдрэмжтэй байж, санаачлага гаргахыг заавал хийх ёстой зүйлийн нэг гээд ойлгочихвол хамгийн тэнцвэртэй амьдралыг та цогцлоож чаднаа гэсэн үг.
Н.О: Эрчүүд хуурсан, араар тавьсан нөхцөлд хатан ухаан гаргаж, уучлах уу, эсвэл?
Ж.Б: Дандаа гурилтай шөл идэхээр цуйван идэж үзэх хэрэгтэй ч юм уу нийгэмд ам дамжсан буруу ойлголтууд байдаг л даа. Тэгвэл эр нөхөр танд эхнэрийгээ хайр халамжаар усалж, цуйван болгох, мэдрэх боломж бий шүү дээ. Эр хүн олон эмэгтэйтэй харилцаа үүсгэснээрээ биш, нэг эмэгтэйд аз жаргалыг мэдрүүлснээрээ тодорхойлогддог. Мөнгө, эрх мэдэл биш харин эхнэрийн нүднээс гэрэлтэх аз жаргал эр хүний жинхэнэ хэмжүүр юм.
Тэвчээд гарсан амьдрал дараа нь бахархал дагуулдаг учраас, зөвхөн эмэгтэй нь ч биш, хосууд аль аль нь ухаан зааж, амьдралаа авч үлдэх нь л зөв сонголт гэж боддог. Амьдрал зөвхөн нэг хүний тэвчээр дээр тогтох боломжгүй тул, хоёулаа л хамт тэвчиж, уучилж, ухаарч байж урт удаан хамтдаа амьдарна.
Н.О: Бүх сэтгэл зүйчид хосуудын харилцааг хэвийн байлгах хамгийн чухал техник бол ярилцах гэдэг. Гэвч ярилцсан болгон ойлголцлоор төгсдөггүй. Тэгвэл яриаг үр дүнтэй болгох ямар арга байна?
Ж.Б: Харилцаа буруутгалаар эхэлж болохгүй. Эхнэр гомдоллож эхлэхэд эр хүн нуувчиндаа орж байдаг. Тиймээс магтаалаар эхэлж, асуудлаа ярьж үргэлжлүүлэх нь үр дүнтэй. Харилцах, ярилцах хэрэгтэйгээ мэддэг ч шүүмжлээд эхэлэхээр ойлголцол биш хэрүүлээр дуусдаг.
Бас нэг алдаа бол эмэгтэйчүүд ярилцахдаа гол асуудалдаа шууд ордоггүй, тойруулдаг. Эр хүн яг юу ярих гэж байгааг нь ойлгох гэж хичээсээр анхаарал суларч, яриа үр дүнгүй болдог.
Н.О: Төгсгөлд нь гэр бүлийн харилцааг сайжруулах хэн бүхний хийж болох хамгийн энгийн үйлдлийг хэлж өгөөч?
Ж.Б: Хамтын зорилго л хамтын амьдралыг нэгтгэдэг. Аялал, хүүхдийн сургууль гээд бүх зүйлээ хамтдаа бичиж, тэмдэглээд, түүнийхээ төлөө зорих хэрэгтэй. Эхнэр нь Богд уул гаръя гээд, нөхөр нь Чингэлтэй хайрхан гаръя гэвэл зам салах нь ойлгомжтой. Ихэнх гэр бүлүүд зорилго гаргадаг ч цаасан дээр буулгадаггүй нь биелдэггүйн гол шалтгаан болдог. Тиймээс гэр бүлийн хамтын зорилгоо заавал цаасан дээр бичиж, түүнийгээ өдөр тутамдаа харж байгаарай гэж зөвлөе.
Н.О. Танд маш их баярлалаа.
АДМИН








Нийгэм





