Dark Light
Нийгэм | 2021-02-02

Өнөөдөр Дамдины Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ой тохиож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын ардын нам, төрийг үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Улсын баатар, цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Монгол улсын баатар.Ардын цэргийг үндэслэн байгуулагч, 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг.

Халхын Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн  хошууны харьяат.1893 оны 2 дугаар сарын 2-нд төрсөн.С.Жамъянд шавь орж, монгол бичиг сурсан. 1909-1910 онд Хүрээ Хиагтын их замын Хүй мандал, Бургалтай, Түмт  өртөөнд улаа нэхэж  байв. 1911 оны 12 дугаар сард цэрэгт татагдаж Хужирбулангийн цэргийн бага дарга бэлтгэх сургуульд  орж суралцан 1913 онд төгсөж  пулемёт сумангийн жагсаалын даргаар томилогдон  ажиллажээ.  Сургуульд сайн сурсны учир 5-р зэргийн жинс, тогосын отго, удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 онд 4-р зэргийн жинс, тогосын отго, 1917 онд Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхгээр тулалдаж 3-р зэргийн жинс, 1919 онд Хууль шастир хэвлэх газарт  сайнаар зүтгэсний тул дэд зэргийн жинс, тогосын отго тус тус шагнагдсан.

 Хүрээний бүлгийн гишүүн, ЗОУ-аас тусламж гуйхаар одсон төлөөлөгчдийн 3 дахь хэсэгт явсан. Х.Чойбалсангийн хамтаар Эрхүү хотноо Дорно дахины ард түмний секцид харьяалагдан хувьсгалын бэлтгэл ажлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн. 1921 оны 2 дугаар сарын 9-нд Бүгд Ерөнхийлөн захирах жанжнаар томилогдож, зэвсэгт хүчийг байгуулж, Монгол орныг чөлөөлөх байлдааны ажиллагааг удирдсан. 1921 оны 7 дугаар сарын 10-нд Ардын засгийн газрын  Цэргийн яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжинд томилогдон улс орны аюулгүй байдлыг хангах, үндэсний байнгын цэрэг байгуулах үйл хэргийг  удирдсан. Ардчилсан өөрчлөлтийг эхлүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх талаар идэвхийлэн ажиллаж, ЗОУ-ын Засгийн газартай хийсэн хэлэлцээрт оролцсон.

 Улс үндэстний хувь заяаг шийдвэрлэсэн дайн байлдааны цагт Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар ард түмний дунд өндөр  нэр хүнд,  алдартай байж  нийт  ардчилсан чиг шугамыг тууштай баримталсан  үнэнч,  шудрага байдлаараа ялгарч  эв нэгдлийг эрхэмлэж  байсан нь түүнийг үндэсний баатар, шинэ Монгол улсын эхэн үеийн гол удирдагчдын нэг болгожээ. Сүхбаатарын гавьяаг үнэлэн 1922 оны 1 сарын 10-нд ЗСБНХОУ-ын Улаан тугийн одонгоор,  9   сарын 23-нд  Монгол улсын  Зоригт баатар бэйс цолоор  шагнажээ. 1922 оны эцсээр Цэргийн яамны сайдаас чөлөөлөгдсөн. 1923 оны 2 сарын 20-нд өвчнөөр нас барсан. 

 

Монголын Түүхийн Тайлбар Толь 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22