
On&On үздэг, сонсдог, уншдаг подкастын зочин "Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн"-гийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Б.Золзаяатай ярилцлаа.
Н.О: Сайн байна уу? Сэтгэл хэмээх эрхтний талаар ярилцахаар таныг урилаа. Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа
Б.З: Сайн байна уу, энэхүү подкастын уншигч, сонсогч, үзэгчдэд энэ өдрийн мэнд хүргэе.
Н.О: Би гэж ярихад миний ард Эмэгтэй хүн, Эхнэр, Ээж, Гэргий гэсэн 4 дүр байдаг. Эдгээр дүрүүдийг амьдрал дээр хэрхэн зөв зохицолдуулж, тэнцвэрийг нь олж, аз жаргалтай амьдрах вэ?
Б.З: Эмэгтэй хүний талаар ярихад заавал эрэгтэй хүний талаар, түүний онцлогийн талаар ярьж байж, харьцуулж, ялгааг нь илүү харуулах боломжтой. Эмэгтэй хүн бол байгалиасаа өгөгдсөн өгөгдлийн хувьд гэр бүлийн зүрх нь, харин эр хүн тархи нь. Зүрх энхрийлэл хүсч, тархи алсыг харж, асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж байдаг.
Н.О: Дийлэнх эмэгтэй хүний сэтгэлийн хөдөлгөөний дээд доод зааг маш хол байдаг. Нэг өдөр тэнгэрт дүүлж, нөгөө өдөр газарт унаж байдаг. Энэ эмгэг үү, эсвэл хэвийн сэтгэл зүй юу?
Б.З: Бид бүх зүйлийг ухамсарладаггүй, бүх үйл явдлыг нарийн бодож төлөвлөж хийдэггүй шүү дээ. Тиймээс өөрийгөө маш сайн анзаарч, таньж мэдэх хэрэгтэй. Сэтгэлийн хэт хөдөлгөөн нь намайг тавгүй болгоод, үүнийгээ би танин мэдвэл учир шалтгааныг нь хайж олох хэрэгтэй. Бага насны дурсамж, үйл явдлаас үүдэлтэй сэтгэлийн хөдөлгөөн, хариу үйлдлүүд их байдаг. Тиймээс тэр бүхэн рүү эргэн очиж, амьдралд тань томоор нөлөөлсөн үйл явдлыг хүлээн зөвшөөрч, эсвэл сэтгэлдээ засах хэрэгтэй.
Н.О: Сэтгэлийн хэт хөдөлгөөнөө засч байна гээд үүнийг байхгүй болгох, дарах гэж хичээх нь эргээд галт уул тэсэрдэг шиг тэр их багтаж ядсан сэтгэл хөдлөл нь тэсрэхэд хүргэдэг. Тэгэхээр хүчээр дарахаас өөр ямар арга байна?
Б.З: Хүн бүр ялгаа, онцлогтой гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийгөө ч мөн адил, юун дээр уурлаж, гомдож, эсвэл баярладгаа мэдчихвэл маш амар байдаг. Нэг ёсондоо тэр сэтгэл хөдлөлийг дарах биш хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Н.О: Химийн үелэх систем гэдэг шиг эмэгтэй хүний сэтгэлийг нэгд нэгэнгүй томьёолсон аз жаргалтай эмэгтэйн томьёо гэж байх уу?
Б.З: Сэтгэл судлалын шинжлэх ухаан бол харагдаж, баригдахгүй, хамгийн нарийн шинжлэх ухаан байдаг. Хэрвээ надаас аз жаргалтай эмэгтэй болох томьёо асуувал сэтгэл зүйч дээр оч гэдэг л томьёо хэлж өгнө дөө.
Бидний дотор маш их нөөц, эрх хүч байдаг. Гэвч бид үүнийгээ гадаад ертөнцийн шаардлагагүй, олон зүйлст зарцуулаад туйлдаад байдаг. Эсрэгээрээ энэ их эрч хүчээ өөр лүүгээ хуримтлуулж, дотооддоо зарцуулбал бид маш хүчирхэг сэтгэл зүйтэй нэгэн юм.
Эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж, цаг гаргаж байна гээд хумсаа янзлуулж, гоо сайханд орж, фитнесст явдаг шиг тогтмол сэтгэл зүйч дээр очдог байх хэрэгтэй.
Н.О: Сэтгэл зүйч дээр ямар давтамжтайгаар очих ёстой вэ? Эсвэл хүнд асуудалт тохиолдоход очих уу?
Б.З: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд шийдвэр гаргалтыг хожимдож гаргадаг. Асуудал хүндэрч, ужгирсаны дараа сэтгэл зүйч дээр очдог. Тэр болтол найз нөхөд, ах эгчээсээ зөвлөгөө авдаг. Уг нь асуудал гүйнзгийрхээс өмнө эхнэр нөхөр, эсвэл ээж хүүхэдтэйгээ сэтгэл зүйчид хандах ёстой. Ямар нэг байдлаар буруудаад байна гэж өчүүхэн төдий мэдрэгдэхэд л сэтгэл зүйч дээр очдог байх хэрэгтэй. Энэ нь асуудал шийдэгдэхэд маш хялбар болгож өгдөг.
Тэгэхээр хувь хүн бүр өөрийн онцлог, тулгарсан асуудлаас шалтгаалаад ижил хугацааны давтамжийг хэлэх боломжгүй юм.
Н.О: Эхнэрийн сэтгэл зүйн талаар хоёулаа ярилцъя. Олон нөхрүүд эхнэрийн учрыг олоход хэцүү, эмэгтэй хүн бол хариугүй оньсого юм гэдэг. Гэтэл нөгөө талаасаа эмэгтэй хүн жижигхэн зүйлд баярлаж, гомддог, маш ойлгомжтой бодгал шүү дээ. Энэ ойлголтын зөрүүний талаар?
Б.З: Бид амьдралдаа хэдэн удаа гэрлэдэг вэ? Олон биш шүү дээ. Тэгэхээр хамтын амьдралд туршлага гэхээс илүүтэй, аль аль нь танин мэдэж, ойлгож ухаарч өрнөдөг. Туршлага гэвэл аав ээжтэйгээ амьдарч байсан амьдралын туршлага л байдаг учраас, нөхөр эхнэрээ ээжтэйгээ, эхнэр нөхрөө аавтайгаа зүйрлээд байдаг. Гэтэл бидний эхнэр, нөхөр төсөөлөл дундах дүр биш байгаад байхаар ойлгомжгүй байдал үүсдэг. Тэгэхээр асуудал эхнэрт, эсвэл нөхөрт биш, харин бидний дотор, бидний төсөөлөлд байгаад байгаа юм.
Эхнэр нөхрийн харилцаа уян хатан байх хэрэгтэй. Би ийм л хүн, миний орон зай гэж хөшүүн хандахаас илүү, бие биедээ нөлөөлөхийг хүлээн зөвшөөрдөг байвал бат бөх гэр бүл байдаг.
Н.О: Тохирохгүй хосууд, эсвэл заяаны хос гэж бий юу?
Б.З: Байхгүй. Таарч тохирохгүй байгаа нь ердөө хандлагатай л холбоотой. Бага насны дурсамж, туулж өнгөрүүлсэн туршлага хүний ертөнцийг харах хандлагыг тодорхойлдог. Энэ дурсамжинд ямар нэг алдаа, гомдол, гажуудал байсан бол энэ туршлага дээрээ үндэслэн өнөөдрийн биднийг ухамсаргүйгээр аливаа асуудалд хандахад хүргэдэг. Хэн нэгэн чамайг хайрласаар байтал хайрлахгүй байна гэж гомдоллох зэрэг нь энэ бүхэнтэй холбоотой.
Бид аливаа асуудлын учгийг дандаа хэн нэгнээс хайдаг, эсрэгээр нь өөрөөсөө хайдаг болбол энэ амьдрал маш энгийн байх болно.
Н.О: Өөртөө тохирсон зөв хүнтэйгээ учирснаа хэрхэн яаж мэдэх вэ?
Б.З: Манай хүрээлэнд хосуудын амьдралын чанарыг тодорхойлох тест байдаг. Хосуудын аливаа зүйлд хандах хандлага, ойлголтын зөрүү их байх тусам хэрүүл үүсдэг, нэгдмэл ойлголттой байх тусам эв найртай гэр бүл байж чаддаг. Тухайлбал “Хүүхэд харах нь зөвхөн ээжийн үүрэг” гэж нөхөр хардаг байхад, “Хүүхэд харах нь хамтын үүрэг” гэж эхнэр боддог бол энэ гэр зөчилдөөнтэй байна гэсэн үг. Энэ тестийг хамтын амьдралын эхний жилүүдэд эрт хийлгэх тусмаа үр дүнтэй.
Н.О: Эхнэрийн дараа бид ээжийн сэтгэл зүйн талаар ярих ёстой байх. Эх хүний сэтгэл зүй ямар байж хүүхдээ сайн хүн болгож өсгөх боломжтой вэ?
Б.З: Бид хүүхдээ хайрлаж байна гэж боддог, амьдрал ийм байх ёстой гэсэн дүрмийг зохиодог нь ууртай ээжийг бий болгодог. Хүүхдээ загнаад, заримдаа цохиод авчихдагаа бид хүүхдийнхээ ирээдүйн төлөө л хийж буй үйлдэл гэж зөвтгөдөг. Гэтэл хүүхэд “Ээж минь, миний ирээдүйн сайн сайхныг бодоод л намайг зодоод байна даа” гэж хэзээ хүлээж авдаггүй.
Тэгэхээр бусадтай харьцуулахгүй, шүүмжлэхгүй, хайрцаглахгүй байх нь зөвөөр хайрлаж буйгийн илэрхийлэл юм.
Н.О: Төгсгөлд нь асуумаар байна, хүн яавал амар амгалан, аз жаргалтай амьдрах боломжтой вэ?
Б.З: Өөрийн утга учиртай зүйлийг амьдралынхаа зорилго болгоод, түүндээ тэмүүлж байгаа хүн л аз жаргалтай амьдарна.
Н.О: Танд баярлалаа. Танай хамт олон амжилт хүсье.
Б.З: Баярлалаа.
АДМИН







Нийгэм




