Хоёрдугаар сарын 12-ний өдөр Монголчуудын уламжлалт баяр болох "Сар шиний баяр" тохиох гэж байна. Үүнтэй холбоотойгоор ирж буй XVII жарны “Цөөвөр" хэмээх төмөр үхэр жилийн өнгө зурлага болон олон мэдүүштэй зүйлийн талаар "Цаглашгүй гэрэлт" төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяатай ярилцав.
Хулгана жил улирч , үхэр жил айлчлан ирж байна. Таны хувьд 2020 он ямар жил болж өнгөрсөн бэ?
- Улиран одсон 2020 он , XVII жарны “ Хотол төгс " хэмээх цагаан хулгана жил ерөнхийдөө бидэнд сануулга өгсөн он болж өнгөрсөн. Бид өөрсдийнхөө дотогшоо анхаарах, өөрсдийн буян нүгэл болоод нийтийн буяны үйлд шамдахгүй байх, зарим нэг хүний шуналын сэтгэлд дөрөөлөгдөж, уул усыг төнхөж, байгалийг сүйтгэснээр ямар үйлийн үр ирдгийг харуулсан жил болж өнгөрлөө гэж хэлж болно.
Жилийн эхэнд дэлхий нь нийтийг түгшээгээд байгаа цар тахал сураггүй байсан үед монгол цаг тооны бичиг ч гарч эхлүүгүй байхад нь би зөн совингоороо лусын талын зан үйл хиймээр санагдаад байсан. Газар уул ус догшрох шинжтэй ч юм шиг, лусын өвчин дэлгэрэх ч юм шиг би өөрийн мэдэлгүй урьдчилж харсан.
Тэгээд цаг тооны бичгүүд сөхөөд хартал лусын өвчин маш их гарна гэсэн нигууртай жил байсан. Тэр үед корона сураггүй байсан. Гэсэн ч лус их догширч өвчин гарах юм байна гэх айдас сэтгэлийн мухарт байсан юм.
Хэсэг хугацааны дараа цар тахал гараад, хөл хорио эхэлсэн. Улмаар хөл хорио тавигдангуут би лусын тухай лекцээ зохион байгуулсан. Миний хувьд “Лусын ээл ба хорлол" гэдэг лекцийг нийт монголчуудад хүргэе гэж зорьсон.
Бид байгаль эхийн бүх зүйлийг аваад байж болохгүй. Өөрөөр хэлбэл, байгаль эхээсээ байнга аваад байгаа хэрнээ өгөхгүй байна. Газар ашигт малтмалыг нь ашиглачихаад нөхөн сэргээлт гэсэн нэр төдий юм хийдэг. Бид дэндүү шуналын сэтгэлээр ханддаг.
Ирж буй 2021 он, үхэр жилийн өнгө зурхайд хэрхэн буусан байгаа вэ ?
-XVII жарны “Цөөвөр" хэмээх төмөр үхэр жил гарч байна. Манайхан жилийн өнгө ажиглаад хүн бүрт нийтээрээ нэг жил гарах юм байна гэж бодоод байдаг. Тийм юм бол байхгүй бөгөөд хүн бүрт өөрийнх нь хураасан буян, үйлийн үрийн Ялгамжаар тус бүрт нь жил өөр гардаг.
Хүн бүр дор бүрнээ буян хурааж, хилэнцийн үйлийг багасгаж , байгаль уул ус руугаа халдахгүй байж , ёс уламжлалаа дээдлэх, жаахан гэгээрэл рүү шамдахгүй бол энэ маягаар үргэлжлээд байвал бид дахиад хүнд асуудалд орно.
Мэдээж цар тахал бол эхэлсэн цагтай, дуусах хугацаатай, энэ нь цаг хугацааны л асуудал. Гэвч үүнээс хүнд асуудал нь бидний хоорондын эв нэгдэлгүй байгаа байдал, асар их шунал, эрх ашиг хөөцөлдөх, сэтгэлийн тахал өвчин, оюуны хоосрол гэдэг зүйл нүүрлэхээс айх хэрэгтэй. Энэ бидэнд хамгийн том аюулын харанга болоод байна.
Шороон үхрийн шинж ямар байна вэ?
-Үхэр жилийн ерөнхий төлөвийг шороон үхрийн шинжээр илэрхийлэхэд үхрийн толгой цагаан, ходоод бие шар, өвчүү омруу ногоон, эвэр чих сүүл нь ногоон, дөрвөн шийр нь улаан, цулбуур нь шар, ногт нь улаан өнгөтэй, амаа хамхиж, сүүлээ баруун тийш нь шарвасан байдалтай байна. Харин үхэр хариулаач нь царай нь улаан хүн , малгайныхаа чихийг зүүнээ буулгасан, хөх дээлтэй, үсээ хоёр чихнийхээ араар хийсгэсэн, ногоон гутлынхаа барууныг өмсөж, зүүнийг нь шар бүсэндээ зүүсэн, хөх бургасан иштэй унгасан шилбүүр барьсан хүч чадал бага, идэр залуу хүн үхрийнхээ өмнө яаравчлан гүйж байгаа байдлаар зураг гарсан байна. Үүнийг тайлбарлавал, залууст буюу дунд суудалтанд сайн. Идэр залууст сайн жил гарна. Нялхас буюу түмэн олонд дунд, өвгөдөд буюу дээд суудалд хүнд тааруу жил гарч байгаа юм.
Тэгэхээр залууст ажил үйлс хийхэд сайн жил. Өтгөс, нялхас буурлуудад тааруу жил гарч байгаа учраас өндөр настан буурлууд насны бүтээлд шамдаж, Цагаан дарь эхийн тарнийг тоолох биеэ анхаарч, идээ ундааны шимийг тохируулан хэрэглэх нь зүйтэй. Ерөнхий төлөв байдал гэвэл, төр хууль цаазын хэрэгжилт сулрах шинжтэй. Улс эдийн засаг бага зэрэг сайжирна, иргэдийн амьдрал ахуй тааруу , хямрах , тэмцэл болох нигууртай. Эрүүл мэнд сайн, зарим хот суурин газарт галын аюул гарч болзошгүй.
Жил, улирлын эхэн үед өндөр уулын бүсэд цас, бороо элбэг орох, мөн жилийн эхээр салхи ихтэй, тал нам дор газар өвлийн саруудад зудтай, зун, намрын саруудад газрын шим арвижих, тариа хүнсний ногоо, хадлан бэлчээрийн гарц элбэг. Урт намар болох нигууртай, буян хурж мал эд агуурс дэлгэрнэ. Хүнд сайн, малд жаахан тааруу. Эр хүн яруу алдрыг олох, эм хүн тайван амар амгалан байх ерөнхий төлөвтэй жил гарч байна.
Мөр гаргах нь ямар утга учиртай юм бэ?
Монголчууд бэлгэдэлийн ард түмэн. Шинийн 1-ний өглөө Зүг мөрөө зөв гаргавал тухайн жилдээ өвчин зовлонгүй, ажил үйлс бүтэмжтэй байхын гол зурхайн ёс юм. Жилийг яаж угтах нь маш чухал. Шинийн 1-ний өглөө юу хийнэ тэр жилжингээ тухайн байдлаараа байдаг. Хүнд 4 сайн зүг, 4 муу зүг гэж байдаг. Зурхайд заасан сайн зүгт зүгээ гаргавал тэр жилийн ажил үйлс нь амжилттай, бүтэмжтэй байх болно. Харин 4 муу зүгтээ мөрөө гаргавал тухайн жилийн ажил үйлс бүтэмжгүй байна хэмээдэг.
Ирж буй жилийн анхааруулга, засал юу байгаа вэ?
- “Цөөвөр” гэх энэ жилийн нэг онцлог нь дүүлэх , нисэх , харайх , огцом үсрэлт хийх гэсэн утгыг агуулж байна. Тэгэхээр гэнэт том ажлыг зориод бүтээе гэж байгаа бол үхэр жил ээлтэй. Залуус зорьж байгаа ажлаа бүтээе гээд зүтгэх юм бол асар их ажил бүтэх нигууртай жил ургаж байна. Түрүүн хэлсэнчлэн нийтээрээ буян хураах , гэгээрэлд шамдах нь зүйтэй.
Хүмүүс буянд шамдахаа болиод, Сэтгэлийн ариусал дотоод сэтгэлээ ариусгах , муу адын сэтгэлээ даръя гэхээсээ илүүтэйгээр зугаа цэнгэлд автах , амар хялбар аргаар амьдрах зүйл рүү залуус давамгайлах болсон . Ёс уламжлал гэхээсээ илүү гадны юм руу их шүтээд байна.
Энэ талаар адын номд өөрийн гэсэн зүйлээ үл тоогоод, бусдын зүйл үнэ цэнтэй харагдаад байдаг. Ингэснээр сэтгэлийн ад үүсдэг гэсэн байдаг. Адын хорлол автаж , өөрийн хийсэн буруу үйлээс болж сэтгэл нь гэмтдэг. Ингэж адын сэтгэлтэй болсноор хүнийг хорлоход баясах, сайн явж байгаа найзаа доройтоход нь баясаж, доройтоход нь хүчин туслалцаа үзүүлэх, муу үйлд даган баясах, амьтныг алахад баясах мэтээр адын сэтгэл шүглээд байна.
Үүнийг барихгүй бол хүн адгууснаас ялгарах зүйлгүй болно. Тиймээс энэ жилд сэтгэлийн амар амгалан байдлыг адад эзлүүлэхгүй байж , нийтээрээ буянд шамдвал зохилтой.
Дэлхий нийтийг хамраад байгаа энэ цар тахал 2021 онд намжих болов уу ?
-Миний хувьд энэ тал дээр Богдуудын бошго, лүндэнг ч судлаад Дэлхийн хүн төрөлхтний нийтийн үйлийн барцад гэж нэг юм бий. Мөн хувь хүний үйлийн барцад гэж бий. Энэ хоёр ялгаатай. Дийлэнх нь буян нь барагдчихсан, буруу үйлд шамдаад байгаа учраас байгаль дэлхийгээ сүйтгээд байгаа учраас энэ лусын өвчин дахиад гарна. Бид бие биеэ хайрлаж, эв түнжинтэй байж, байгаль уул устайгаа зүй ёсоор харьцаж, сав шим ертөнцдөө зохицож эхэлж гэмээнэ тахал өвчин алга болно. Ингэхгүй л юм бол энэ өвчин арилахгүй. Өөр хэлбэрээр дахин дахин дэгдсээр байх болно. Бид л корона гэж нэрлэчихээд байгаа болохоос энэ бол лусын л өвчин юм.
Коронавирусний үрэл үнэхээр үр дүнтэй юу, үрлийг хүзүүнээсээ зүүж үнэрлэвэл өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна гэлцэх юм. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?
- Коронавирус гэх цар тахал бол лусын өвчин. Эртний сударт хүртэл бичигдсэн байдаг. Өвчинг анагаадаг, дархлааг сэргээдэг эртний олон төрлийн шидэт ургамлуудыг нийлүүлсэн үрэл юм. Мөн олон шившлэг, тарнийн ид шид шингэсэн учраас аливаа тахлаас урьдчилан сэргийлж таныг хамгаална. Хүзүүнээсээ зүүж, хааяа нэг үнэрлэж бие сэтгэлийн дархлаагаа сэргээж байвал ихэд сайн.
Таны хувьд жил бүр ард түмэндээ зориулан өөрийн лекцүүдийг тавьдаг. Энэ жил ямар байдлаар хүргэх вэ?
- Энэ жил алгасахгүй гэдгийг ард түмэндээ хэлмээр байна. Шиний нэгний өдөр TV9 телевизээр миний лекц шууд дамжуулалтаар та бүхэнд хүрэх болно. Хандив цуглуулна. Ард иргэд тав тавдахгүй, арав аравдахгүй сэтгээлээрээ туслаасай гэж хүсэж байна. Лекцэнд цугларах сэтгэлийн өргөлийг Монголд эмчлэгдэх боломжгүй Энхцогийн Номун охины эмчилгээнд 100% зарцуулах юм. Мөн "Үржин Шаддүвлин" хийдийн лам хуврагууд Лүйжин айлдана. Сайн үйлсэд даган баясаж Рок поп, зохиолын дуучид аялгуут цэнхэр хадаг өргөнө.
Ярилцсанд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье.
- Баярлалаа танд ч бас
АДМИН







Нийгэм




