Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын бичээч, цагдаагийн ахлагч П.Намуунтай ярилцлаа.
Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Пүрэвжалын Намуун гэдэг. Эрх зүйч мэргэжилтэй. Одоо Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт бичээчээр ажилладаг. Цагдаагийн ахлагч цолтой. Дотоод хэргийн их сургуулийн докторантурт суралцдаг.
Хүүхэд байхдаа ямар мэргэжил эзэмшинэ гэж боддог байсан бэ? Яагаад цагдаагийн байгууллагад ажиллах болсон бэ?
Дунд ангид байхаасаа л хууль, эрх зүйн чиглэлээр суралцана гэж хүсдэг байлаа. Нийгэм, уран зохиол, Монгол хэлний хичээлдээ их дуртай. Ер нь нийгмийн шинжлэх ухааныг их эрт сонирхсон. Сэтгэл судлалын чиглэлээр сонирхож их уншдаг байсан. Цэрэг, цагдаагийн салбарт сэтгэл судлаач болох талаар ч их боддог байсан.
Их сургуулиа төгсөөд прокурорын туслах болох гэж яваад нэг л мэдэхэд цагдаагийн цол зүүгээд ажиллах болсон доо. Анх Дотоод хэргийн их сургуульд туслахаар ажилд ороод, миний томилогдсон албан тушаал цагдаагийн цол зүүж болдог гэдгийг мэдээд маш их баярлаж билээ. Хүсэл мөрөөдлийн минь нэг хэсэг биелээд ч байгаа юм шиг их л догдолж байсан. Нэг сарын хугацаатай казармд байрлаж цэргийн хоол идээд, оройн тоондоо жагсаж явсан тэр өдөр хоногууд миний сэтгэлд хамгийн тод мартагдашгүй дурсамж үлдээсэн. Дуулж чадахгүй мөртлөө л жагсаал дунд солгой хоолойгоор орилоод явдаг байлаа. \Инээв\
Цагдаагийн байгууллага цаг наргүй хэцүү алба энэ ажлын хажуугаар зохиол, тууж бичнэ гээд их л завгүй байсан уу?
Цагдаагийн алба хаагч байна гэдэг нь өөрөө асар их хариуцлага л даа. Цагдаагийн алба хаагчид цаг наргүй ажиллаж байна, ар гэртээ ч цаг гаргаж чадахгүй, ийм байна, тийм байна гэж хичнээн гомдолломоор байвч хийхээр зорьсон, зүтгэсэн ажил, алба нь юм болохоор дуугүй л хөдөлмөрлөж байдаг хүмүүс шүү дээ. Ядаж л 7 хоногийн төлөвлөгөө ч гаргаж болдоггүй их хэцүү л дээ. Ар гэр, эрүүл мэнд, хобби гэх мэт зүйл бол бараг л хаягдчихдаг юм билээ. Манай бага хүүхэд 2 дугаар ангид сурдаг. Өнөөдрийг хүртэл би нэг ч удаа хичээлд нь хүргэж, хичээлээс нь авч үзээгүй бас онлайн, тв хичээлийг нь хийлгэж, хүрд цээжлүүлж үзээгүй муу ээж болчихсон л явж байна. Их ажлын хажуугаар тууж бичих болсон нь өөрөө их том зорилго байсан болохоор зүтгэж байгаад л дуусгасан даа.
Хүн дуртай зүйлдээ ямар ч үед цаг гаргаж түүнийхээ төлөө тууштай байж чаддагийн тод жишээ та юм шиг санагдлаа.
Баярлалаа. Хийх хүнд арга нь олддог гэдэг дээ. Би багаасаа их ном уншиж, сэтгэл судлал, философи, дадал зуршил, сэтгэлгээний эрх чөлөө гэх мэт зүйлийг сонирхсон болохоор өөрийн оюуны чадамжийг зөв хуваарилж сурсан гэж боддог. Жишээлбэл ном уншиж байна гээд л хаа хамаагүй таарсан номоо уншаад байдаггүй. Судалж байна гээд л тухайн салбарын юу ч хамаагүй зүйлийг барьж аваад байдаггүй. Яг л нэг цэг хатгаад, тэр зүг рүүгээ чиглэж тууштай бөгөөд зугуухан алхдаг даа. Ер нь л эхэлсэн ажлаа дуусгаж байж санаа амардаг.
Өмнө нь тууж, шүлэг бичдэг байсан уу?
Өмнө нь яруу найргийн хоёр ном хэвлүүлсэн. Сүүлд гаргасан “Бүдэг зүүд” номондоо их хайртай. Тухайн үед бага зэрэг яараад их л дутуу ажиллагаатай ном гаргасан юм шиг санагддаг. Ахин засаж янзлаад, сайн яруу найргийн ном болгон хэвлэх бодол бас байгаа. Үргэлжилсэн үгийн төрлөөр бол анх удаа бичиж байна. “Сэтгэл зүйн байршил” туужаас гадна “Татар бүсгүй” гэдэг өгүүллэг бичсэнээ номондоо оруулсан байгаа.
Сэтгэлзүйн байршил туужаа яагаад бичих болсон бэ?
Хэдэн сарын өмнө зураач найз маань Дорноговь аймагт амьдардаг зохиолч найзтайгаа уулзахаар явсан юм. Яваад ирснийх нь дараа урланд нь очоод цай ууж суутал найз маань Манай Эрдэнэ зулай бие нь Айраг суманд боловч сэтгэл зүй нь Сайншандад байршдаг болсон байна лээ” гэж ярихад “Сэтгэл зүйн байршил” гэдэг нэршил бидний дунд үүссэн л дээ. Найзын маань нөхөр Сайншандад ажиллаж өөрөө Айраг суманд ажилладаг юм. Амралтын өдрөөр л уулздаг. Хайр сэтгэл хүний оюун санааг зөвхөн хүссэн хүнийх нь дэргэд байлгадаг талаар ярилцаж байхдаа энэ туужийн санаагаа олсон.
Цагдаагийн алба хаагч бол яг л тийм шүү дээ өглөө 8 цагт ажилдаа ирээд орой 17-30д тардаг алба хаагч цагдаагийн байгууллагад лав байхгүй. Хэдэн цагт ч харьдаг юм. Яаж ч амьдраад байдаг юм бүү мэд. Алба хаагчдын хувьд ажил нь бол хүүхэд нь хөлд орох, эхнэр нь төрөхөөс ч илүү чухал байдаг. Бүх л сэтгэл зүрхээ зориулж энэ нийгмийнхээ хамаг л муу муухайг арилгаж, гэрэл гэгээтэй нийгмийг бүтээх гэж зүтгэж байдаг. Тэгээд л би 100 жилийн ойдоо зориулж энэ туужаа бичиж эхэлсэн юм. Алба хаагчдынхаа энэ их хөдөлмөр, зүтгэлийг жаахан ч гэсэн бусдад ойлгуулах юмсан гэж хүсэж байсан нэг мөрөөдөл болон зорилго минь биелсэн дээ.
Би түрүүн “Яг л нэг цэг хатгаад, тэр зүг рүүгээ чиглэж тууштай бөгөөд зугуухан алхдаг” гэсэн дээ. Тууж маань ч гэсэн тийм санааг агуулсан. Өөрийн ажлын онцлогийг харуулангаа Цагдаагийн алба хаагч гэдэг бол бас нэг “бие хүн” юм аа гэдгийг хөндөж бичсэн. 14 жилийн дараа тэтгэвэрт гарахдаа энэ туужаа роман болгох зорилго тавьж эхний үгээ бичсэн болохоор туужийн агуулга ч гэсэн их өргөн хүрээнд, товч, тодорхой гарсан байгаа.
Таны бодлоор зорилго мөрөөдөл 2 юугаараа ялгаатай юм болоо?
Ямар нэгэн үр дүн бол өөрөө зорилго, мөрөөдөл хоёрын нийлбэр. Мөрөөдөлтэй хүн зорилго тавьж, зорилготой хүн мөрөөддөг. Бас нөгөө талаасаа зорилго бол харьцангуй албан ёсны, шинжлэх ухаанч ойлголт бол мөрөөдөл бол хийсвэр бөгөөд сэтгэл хөдлөлийн шинжтэй. Өөрөөр хэлбэл нэг юмны 2 тал гэх үү дээ. Миний хувьд аливаа дүгнэлтээ нэг өнцгөөс хийдэггүй бөгөөд үргэлж олон талаас нь харах гэж хичээдэг л дээ.
Тууж маань өнөөдөр \2021.04.08\ хэвлэлтээс гарч байна. Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойд зориулсан энэхүү бүтээлээрээ нэг алба хаагчийнхаа элэг бүтэн амьдралд дэм тус болохоор хандивын аян өрнүүлж байгаа юм. Нэг алба хаагчийн маань мөрөөдөл нь амьдралаа элэг бүтэн авч үлдэх. Тиймээс нэг ч гэсэн хүний мөрөөдлийг биелүүлж, тусламаар байна. Та бүхэн ч бас туслах байх. Бүх орлогыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Д.Мөнгөншагайн эхнэрийн элэг солиулах хагалгааны зардалд хандив болгон өгнө. Та бүхэн номыг маань худалдаж аваад өөртөө болон гэр бүлдээ оюуны хөрөнгө оруулалт хийхээс гадна нэг айлын элэг бүтэн амьдралд нэмэр болоорой гэж хүсмээр байна. Баярлалаа.
АДМИН








Нийгэм






