Монгол Улсын ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулалтыг эрчимжүүлэх төрийн бодлогын хүрээнд ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилготой “Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Уг арга хэмжээг БОУАӨЯ-ны ТНБД Ш. Батбаяр нээж, иргэдийг хаврын тарилтын улиралд идэвхтэй оролцон мод тарихыг уриалав.
Тэрбээр мод тарих, ойжуулалтыг нэмэгдүүлэх үйлсэд төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, тэдгээрийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь экосистем сэргээх, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх бодит шийдэл болохыг тэмдэглэлээ.
Тус үзэсгэлэн нь мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчдээс гадна тоног төхөөрөмж, хүлэмж, бордоо, ургамал хамгааллын бодис үйлдвэрлэгч, импортлогчдыг нэг дор цуглуулснаараа онцлог бөгөөд салбарын хамтын ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх чухал платформ болж байна.
Үзэсгэлэн худалдаа 2026 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнд өдөр бүр 09:00–18:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Үзэсгэлэнд нийт 50 аж ахуйн нэгж, байгууллага оролцож байгаагаас:
- Бордоо, хөрс, хүлэмж, тоног төхөөрөмжийн чиглэлээр 8 байгууллага,
- Мод үржүүлгийн чиглэлээр 42 аж ахуйн нэгж оролцож байна.
Иргэд, олон нийт энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр баталгаатай эх үүсвэрээс стандартын шаардлага хангасан 25 нэр төрлийн жимсний мод, бут сөөгний тарьц суулгацыг худалдан авахын зэрэгцээ мод үржүүлгийн багаж, тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоог нэг дороос авах, мөн мод тарих, арчлах талаар мэргэжлийн зөвлөгөө авах боломж бүрдэж байна.
АДМИН







Нийгэм






