МБОИЗ-өөс дараах мэдээллийг өглөө. Үүнд:
Манай улсын хувьд байгаль орчны асуудал айлын шоовдор хүүхэд шиг хамгийн сүүлд явагдах болоод удлаа. Эдгээрийн үр дүнд:
МУ уур амьсгалын өөрчлөлтөөрөө Антарктидийн дараа орж 2,1 градусаар нэмэгдсэн буюу дэлхийн дунджаас 2 дахин хурдтай эрчимтэй дулаарч байна.
Харин нийт газар нутгийн 80 гаруй хувь нь тодорхой зэрэглэлээр цөлжин, газрын доройтолд өртөв.
Улсын хэмжээнд 40 жилийн өмнө жилд 2-9 удаа болдог байсан шар түйрэн одоо жилд 50 өдөр болж огцом нэмэгдсэн бол 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлт 255 болж сүүлийн 10 жилд найм дахин нэмэгдэв.
2019 оны тооллогоор 6161 гол мөрөн, 12591 булаг шанд, 3895 нуур тойром, 512 рашаан ширгэсэн нь тухайн орон нутгийн амьжиргаа, эдийн засаг болон хүн амын эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлсөөр байна.
Энэ мэтчилэн сэтгэл түгшээсэн тоо баримтанд бид дасал болж хэвийн үзэгдэл мэт хэт хайхрамжгүй хандах болсон нь туйлын харамсалтай.
Өнгөрөгч долоо хоногт байгаль орчны чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 21 аймаг, нийслэлийн 200 гаруй ТББ болон энэ салбарын байгууллагууд хамтарч Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл (МБОИЗ)-ын YII чуулганыг “Цэнхэр алт- ногоон хэрэм” сэдвийн дор зохион байгууллаа.
Чуулганаар төр, иргэний нийгмийн оролцоотой усны асуудлыг хэлэлцэн зөвлөмж боловсруулж, МБОИЗ-ийн бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн, төрийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргах болон байгаль орчны төлөө иргэд, ААН-уудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хэлэлцлээ.
Түүнчлэн манай орны усны салбарт тулгамдаж буй асуудлууд тэр дундаа гол нууруудын эх үүсвэр болох цэвдэгийн асуудал хөндөгдөв. Учир нь цэвдэг бол байгалийн өөрийн олон сая жилд бий болгосон, өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлдэг усны эх үүсвэр. Гэтэл 1970-аад онд манай улсын нийт газар нутгийн 60 орчим хувь нь цэвдэгтэй байсан бол өнөөдөр 20 гаруй хувь болж бууран тасалданги буюу алаг цоог хэлбэртэй болсон нь онцгой анхаарах ёстой асуудал юм.
Гэтэл МУ-ын усны эх цэвдэг бүхий газрууд болох Сэлэнгэ, Өвөрхангай, Хэнтий, Архангай, Төв зэрэг аймгуудад 2011 оны байдлаар нэр бүхий 138 компаний 246 алтны шороон ордын лицензтэй газруудад байгаль орчны хохирлын үнэлгээ хийлгэхэд анхны үнэлгээ 3 их наяд төгрөгийн хохирол байдаг. Эдгээр газруудад шаардлага хангах түвшний нөхөн сэргээлт хийсэн газар байхгүй байхад Сайханбилэгийн засгийн газрын үед эдийн засаг сэргээх нэрээр “Алт” хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гарч өнөөдөр алдаагаа засалгүй 5 засгийн газар дамналаа. Үүний нөгөө талд хуртай нэг жилд 1 мм л нөхөгддөг Говийн гүний цэвэр ус уул уурхайн олборлолтуудаас үүдэн маш хурдтайгаар шавхагдаж байгаа хэдий ч мөн л усны эх үүсвэр болон тухайн газрын эко системд анхаарсан дорвитой зүйлс хийгдэхгүй байна.
Харин Говийн гүний усны нөөц дуусч буй тул анхдагч эх үүсвэрүүдээ хамгаалахгүйгээр Орхон говь, Хэрлэн говь төслүүдийг эрчимтэйгээр ярьж эхэллээ.
ЧУУЛГАНААС ГАРСАН ШИЙДЭЛ, ЗӨВЛӨМЖ:
1. Усны нөөцийн амин чухал асуудал болох олон мянган гол горхиудын эх үүсвэр болох цэвдэгтэй газруудыг тусгай хамгаалалтанд авах,
2. 2009 онд батлагдсан ч 2015 онд нэмэлт өөрчлөлт нэрээр хэрэгжих боломжгүй болгосон “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг сэргээж, хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагууд тулгарч байна.
Ус тойрсон дээрх асуудлууд бол хэн нэгэн нам эвсэл эсвэл компаниудын асуудал биш
бөгөөд ус уудаг бүх иргэдийн амьдралд шууд хамааралтай анхаарал тавьж оролцох шаардлагатай нэн тэргүүний асуудал юм.
АДМИН








Нийгэм






