Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба битүүлэх ёс нь хуучин оныг үдэх, шинэлэх ёс нь шинэ оныг угтах ёслол юм.
Шинийн нэгний үүр цайхаас үдэш болох хүртэл тэр жилийн өнгийг шинждэг. Үүр цайхдаа удаан гэгээ орж, нар мандах үед үүлгүй цэлмэг байвал нялхас багачуулд өлзийтэй сайхан жил гарч байна гэж үздэг. Шинийн нэгэнд үйл үртэс хийх, айлд хонох, уйлах, хэрэлдэх, үнс хогоо хаа хамаагүй хаях, усанд явах, өдөр хэвтэж нойрсох зэргийг цээрлэнэ.
Цагаан сарын шинийн нэгний өглөө үйлддэг зан үйл бөгөөд өрхийн тэргүүн өглөө эртлэн наран ургах юмуу эсвэл суусан суудлын сайн зүгт мөрөө эхлэн гаргаж тухайн жилийн цээрээ гаргаж байгаа ёс юм. Эхнэр болон эмэгтэй хүүхэд эл зан үйлийг заавал үйлдэх албагүй бөгөөд эртнээс энэ ёсыг мөрдөж иржээ. Ингэхдээ тухайн жил сар өдрийн хар нохойн ам мөн жилийн аль зүгтээ байгааг мэдэж зүг төөрүүлдэг байна.
Золгох: Гэрийн хүмүүс гоё сайхан дээл хувцсаа өмсөөд, гэрийн доторх хамгийн ахмад хүмүүс өвөө, эмээ, аав, ээж нартаа хадгаар золгоно. Дараа нь хөрш саахалтын ахмад хүндтэй хүмүүстэй золгоно. Ийнхүү цагаалга эхэлж, ахмад, залуучууд, хүүхдүүд тус тусдаа ялгаран айл болгонд орж золгох бөгөөд золгохоор ирсэн хүмүүсийг хүндлэн дайлж, бэлэг сэлт барина. Шинэ оны идээ зоог барьсны эцэст айлын хүмүүст өлзийтэй сайхан ерөөл тавьдаг. Ерөөл сонссон хүн “Тэр ерөөл бат орших болтугай” хэмээн товчхон хариу хэлнэ. Хадагтай золгохдоо хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулна. Хадгаа хүний гар дээр тавихгүй унжуулсан чигээр нь золгоно. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно.
Цагаан сар нь буяны сар юм. Шинийн нэгэн Бурхан багш заларсан их дүйцэн өдөр, шинийн найман Оточ Манал бурханы номоо номлож заларсан өдөр, шинийн арван таван нь Аюуш бурхны заларсан дүйцэн өдөр ажээ. Эдгээр их дүйцэн өдрүүдэд хийсэн ном, буян мянга, сая, бум тоогоор үрждэг хэмээн айлдсан байдаг.
Цагаан сардаа бэлтгэсэн идээ зоог, эд зүйлсээ адислаж болно. Ум аа хум хэмээсэн нууц тарни номыг гурвантаа уншдаг. Эхний Ум аа хум айлдвараар бидний сэтгэлээсээ бэлтгэсэн идээ ундаа, эд зүйлсэд нөлөөлсөн гадна дотны барцад саад, сэтгэлийн гэм, нян, ариун бус зүйл бүхэн ариусаж сайн сайхан боллоо хэмээн бясалгаж бодно. Хоёр дахь Ум аа хум хэмээн айлдахдаа тэрхүү идээ будаа маш ихээр өсөн үржиж тоо томшгvй их боллоо хэмээн бясалгана. Гурав дахь Ум аа хум хэмээн уншсанаар эдгээр идээ зоогт тарни, бясалгалын хүч шингэж бүгдийг сэтгэлчлэн бүтээх ариун рашааны шидтэй өргөл тахил боллоо хэмээн сэтгэн бодож бурхан шүтээндээ дээжийг нь өргөж, гэрийн эзэн буюу ахмад хүндээ эхлэн барих буюу түгээн хүртээдэг уламжлалтай. Ийм идээ хүртсэн бүхэн дээдийн рашаан хүртсэнтэй утга нэгэн болдог ажээ.
АДМИН








Нийгэм







