Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн Алтан суваргыг АНУ-ын “Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сан”-гийн санхүүжилтээр сэргээн засварлах төслийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган болон ЭСЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд, аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Хархорин сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ болон төр захиргааны байгууллага, Эрдэнэзуу музейн хамт олон, нутгийн иргэд оролцлоо.
Энэхүү Алтан суваргыг Монголын Урлагийн Зөвлөлийн Соёлын хөтөлбөрөөс Дэлхийн Хөшөө Дурсгалын Сангийн “World Monuments Watch” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлснээр соёлын өвийн үнэ цэнийг нь улам өсгөж чадсан байна.
Улмаар энэхүү шашин, түүхийн үнэт дурсгалыг "АНУ-ын “Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сан”-аас санхүүжилт шийдвэрлэж байгаа нь АНУ-ын ард түмний Монгол улсын өв соёлоо хадгалан хамгаалахад оруулж байгаа томоохон хувь нэмэр болж байна” гэдгийг аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Төслийн ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ.
АДМИН







Нийгэм







