Дархан-Уул аймагт 0-5 насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний өвчлөл буурсан тул Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Мэргэжлийн хяналтын газрын санал, дүгнэлтийг үндэслэн 2022.03.28-ны Даваа гарагаас цэцэрлэгүүдийн хөл хориог цуцаллаа.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг каринтинлах үед Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт өдөрт 147 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 88 болж 60 хувиар буурсан байна. Тэр дундаа 2-4 настай хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад 30 хувиар буурчээ. Амбулаторын үзлэг ч 2 дахин буурсан байна. Харин 5-11 насны хүүхдүүдийн өвчлөл 20 хувиар өссөн байна.
Гарсан шийдвэртэй холбогдуулан “СӨБ-д хамрагдаж буй хүүхдүүдийн дархлааг сэргээх сарын аян”-г хэрэгжүүлэх, хүүхдүүдэд халуун аарц, чацаргана зэрэг амин дэмээр баялаг, шим тэжээлтэй хоол хүнс өгөх, өдрийн хоолны цэсээ баяжуулах үүргийг цэцэрлэгийн эрхлэгч нарт өглөө.
Хэдийгээр ханиад томууны дэгдэлт буурч байгаа ч эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдүүддээ тогтмол хяналт тавьж гарын ариун цэврийг сахиулах, маск зүүлгэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатайг сануулж байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс
АДМИН








Нийгэм







