Фото зургийг | Xing Lida
Газар доорх гэнэтийн бэлэг: Өвөр Монголд 473 метрийн гүнээс 120 сая жилийн настай үлэг гүрвэлийн үлдэц олджээ
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны баруун бүсийн Үнэгэн-Эзнээ голын сав газар ашигт малтмалын хайгуулын өрөмдлөг хийж байсан эрдэмтэд 473.2 метрийн гүнээс 120 сая жилийн настай үлэг гүрвэлийн ховор чулуужсан олдвор илрүүлсэн тухайгаа өчигдөр албан ёсоор зарлалаа. Энэ нь тухайн сав газраас илрүүлсэн анхны олдвор бөгөөд Цэрдийн эрт үеийн үлэг гүрвэлүүд амьдарч байсан газар нутгийн хилийг баруун тийш тэлж өгсөн түүхэн үйл явдал болж байна.
Өрөмдлөгөөр олдсон дэлхийн ховор олдвор
Дэлхийн хэмжээнд уул уурхай, эрдэс баялгийн гүний өрөмдлөгөөр үлэг гүрвэлийн яс гарч ирэх тохиолдол туйлын ховор байдаг аж. Үүнтэй төстэй хамгийн алдартай тохиолдол 1997 онд Норвегийн газрын тосны ордын далайн ёроолоос 2,256 метрийн гүнээс Триасын үеийн Plateosaurus-ийн яс олдсон явдал байв.
Хятадын палеонтологич Син Лида Global Times агентлагт: "Энэхүү шинэ олдвор нь Өвөр Монголын баруун бүсийн эртний сээр нуруутан амьтдын судалгааны том орон зайг нөхөж, ирээдүйн хайгуулд цоо шинэ боломжийг нээлээ" хэмээн ярьсан байна.
“Бяцхан” үлэг гүрвэлийн онцлог
Олдсон ясны бүтэц (сүүлний нугалам, шөрмөс гэх мэт) нь бүрэн гүйцэд бэхжиж амжаагүй байсан тул уг үлэг гүрвэлийг үхэх үедээ зулзага буюу нялх амьтан байсан гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Нарийвчилсан геометр-морфологийн дүн шинжилгээгээр уг олдвор нь Төв Азийн бүс нутагт өргөн тархсан Пситтакозавр (Psittacosaurus) буюу тоть хушуут хэмээн нэрлэгддэг ургамал идэшт үлэг гүрвэлтэй маш төсөөтэй байгааг тогтоосон байна. Пситтакозаврууд нь 1-2 метр урттай, хоёр хөл дээрээ явдаг бөгөөд малтмалууд нь Монгол, Хятад, Сибирээс элбэг олддог юм.
Шинжлэх ухаанд нээгдсэн цоо шинэ нууц
Хэдийгээр Пситтакозаврын төрөлд хамаарч байгаа ч эрдэмтэд үүнээс өмнө нь ямар ч үлэг гүрвэлээс хэзээ ч харж байгаагүй нурууны мэдрэл-судасны суваг (nutrative/neurovascular foramina) хэмээх өвөрмөц нүхнүүдийг сүүлний яснаас нь илрүүлжээ. Энэхүү бүтэц нь тухайн төрөл зүйлийн өвөрмөц хувьсал уу, эсвэл зөвхөн нялх үеийнх нь хөгжлийн онцлог уу гэдгийг үргэлжлүүлэн судалж байна.
Уг нээлтийг Хятадын Шинжлэх Ухааны Академийн Сээр нуруутан амьтдын палеонтологийн хүрээлэн болон Хятадын Геологийн Их Сургуулийн баг хамтран хийсэн бөгөөд олдворыг удахгүй Өвөр Монголын Байгалийн Түүхийн Музейд олон нийтэд дэлгэн үзүүлэх гэнэ.
ТАТАР МАЙДАР





Гадаад




