Мал эмнэлгийг дэмжих сан (МЭД сан)-ийн Тэргүүн Д.Ууганбаяр, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт өнөөдөр (2023-06-15) ХААИС-д зочилж, Мал эмнэлгийн салбарын тогтвортой хөгжлийг баталгаажуулах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Мал Эмнэлгийн Сургуулийн захирал Ц.Эрдэнэ-Очиртой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд 2023 оноос эхлэн тодорхой шаардлага хангасан буюу мэргэжлийн ЭЕШ (ЭЕШ-1; Биологи, математик, ЭЕШ-2; Хими, Нийгэм судлал)-нд 650-иас дээш оноо авч МЭС-д “Малын эмч” мэргэжлээр шинээр элсэж буй 50 хүртэлх оюутанд эхний хичээлийн жилд 100 хувь сургалтын төлбөрийн тэтгэлэг жил бүр олгохоор төлөвлөж байна.
Мөн тэтгэлэгт хамрагдсан шинэ элсэгчид сангийн шаардлагыг хангасан тохиолдолд 5 жилийн турш 100 хувь хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдахаас гадна 2-5-р ангийн бусад оюутнууд ч 2024 оноос эхлэн уг тэтгэлэгт хамрагдах боломж нээгдэх юм.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг үүсэж хөгжсний 100 жилийн ойгоор эхлүүлж байгаа нь дараагийн шинэ зууны мал эмнэлэг, малын эмч нарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чухал арга хэмжээ болно гэдэгт талууд санал нэгтэй байлаа.
АДМИН








Нийгэм






