“Хэдэн адсаганаас болж хүн алах нь ээ” гэдэг шиг юм кинонд биш амьдралд боллоо. Засагт ханы цахиур Төмөр шилийн сайн эр бол түүний нутгийн Л.Чинбат шилийн сайн биш эр боллоо. Гац+Уурт буюу гац тэгээд уурт захирал угшил сайтай угсаат Ланд 200 үүлдрийн халиун саарал зүсмийн төмөр хүлгээр морьтой, мотоциклтэй хүн элдэн хөөж, адуун сүргээсээ таслан үргээлээ.
Нэг талаас хөдөлмөрийн баатар Л.Чинбат, нөгөө талаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р багийн засаг дарга Б.Ганзориг болон нутгийн иргэдийн хооронд мөргөлдөөн гарсан. Л.Чинбат гарал үүслийн гэрчилгээ, зөвшөөрөлгүйгээр малын өвчин гарсан Дорнодоос 300 гаруй адуу оруулахыг багийн засаг дарга, малчид эсэргүүцсэнээс авто, мото, морьт механикжуулсан бригад оролцсон цэргийн тусгай ажиллагаа болсон.
Хувийн өмч хөрөнгөө хамгаалсан байлаа ч машин техникээр амьд хүн, адуу мал дайрч унагахаар давшлан довтолсон нь хэв ерийн зүйл биш юм. Хэн чиг цочин хирдхийх хүмүүн бусын үйлдэл. Л.Чинбат малын хулгайч нартай тэмцэж байна гэж хурдан шуурхай мэдэгдсэн. Өөрсдийгөө гар утсаараа бичлэг хийж олон түмэнд илчлээд, өөрсдөө цагдаа дуудаж баригддаг усан тэнэг, хөлдүү донгио малын хулгайч хорвоо дэлхийд байхгүй. Багийн засаг дарга муу ч сайн ч монгол төрийн төлөөлөгч, хууль хэрэгжүүлэх ажил үүрэгтэй албан тушаалтан юм. Малын хулгайч байсан ч машинаар хөөж элдэх дархан эрх хөдөлмөрийн баатар, улсын баатар, хэнд бугайд ч байхгүй. Малын хулгайтай тэмцэх гэснээс мал аж ахуйг дэмжих сан, тариалан эрхлэлтийг дэмжих сан, бусад сангуудын тонуулчидтай тэмцмээр байгаа юм. Соёлын сайдын аавын соёлгүй үйлдэл соёлын үрийг хөдөөгийн уул тал, хөдөлмөрийн баатрын тархинд нь тарьж ургуулах хэрэгтэйг ч нотолж байна. Зэрлэг өрнөдийн үеийг сануулсан хэрэг явдал 21-р зуунд Монголд гарсаар байгаа нь энэ.15-59 УБЦ улсын дугаартай соёлгүй жолоодлогын унаа болсон Ланд-200 машин нь Соёлын сайд Ч.Номингийн эзэмшилд бүртгэлтэй, ХОМ-дээ бол бичиээгүй, 110 мянган төгрөгийн торгуультай.
Ланд 200-гаар хүн, амьтан элдэн хөөгчдийн “Авто үргээлэг” экстрим спортын клуб байдаг бол шүдний эмч Маралмаа, Л.Чинбат нар анхны гишүүд, нүүр царай нь болохоор байна. Гацуурт компанийн өмгөөлөгч “Нутгийнхан эмэгтэй ажилчдыг нь зодсон. Нэгийнх нь хуруу хугарсан. Адуу алдагдсан. Компанийн нэр төрд халдсан учир цагдаад хандсан гэж мэдэгджээ.
АДМИН







Нийгэм




