Dark Light
Нийгэм | 2023-06-18

Төөлбөл нуруу чацуу хоёрын тоодон, тоодгор хэрүүл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тоолбол насаар өөр ч  төө чацаараа адилхан, Монголын улс төрийн хоёр их тоодон хэрүүлч З.Энхболд жиргээ дүүрэн бие биенийхээ хорыг малтаж, шарыг гозойлгов. Төөн чинээ биесээ түмпэн шанага, нохой хав, хуц уль, худалдагдсан зөнөгөөр нь дуудалцан, хорон үгийг уралдуулан, хурц хэлийг сорилцон, олныг баясгаж, түмнийг цэнгүүлэн, төрийн тэргүүн асныг ч татан оролцуулж, Монголоор л нэг хэрэлдэв.  

Баабар “Ачаа бараагаа төмпөнгөөр зөөж, ажлын байр нэмэгдүүлнэ гэж боомт хаасан гар чинь энэ өөрөө биз дээ?” гэсэн бол урдуураа улаан хөлтийг гаргадаггүй улаан хэрүүлч Зика нь “Чам шиг мөнгө өгөхөөр хуцдаг нохой биш, хааяа бас эх орноо бодмоор юм, талбөртэй хуцсаар байгаад овоо мөнгөтэй боллоо биз дээ” гэх зэргээр хариуг нь барив.

Женко Ерөнхийлөгч болуутаа Баабартай уулзаж, Баярцогтыг тамгын газрынхаа даргаар тавих хүсэлтэйгээ хэлсэн. Баярцогтыг шоронд хийх санаа Женкогийнх биш. 10 жилийн гяндан бол Зикагийн бүтээл гэж дараагийн цохилтоо хийсэн биш З.Энхболд хэрүүлдээ Х.Баттулгыг татан оролцуулж, экс Ерөнхийлөгч рүү утас цохиж асуухад, Баабартай ийм юм ярьж байгаагүй гэж хариулсан тухай жиргэжээ. Женко өөрөө санаачилж Баярцогтод 10 жил өгсөн, чи болохоор өршөөе гэж гүйсэн юм байна, тэ гэх зэргээр тоодон хэрүүл томрон тэлсэн байх юм. Монголын хоёр их хэл амаа билүүдэгч, хорон үгийн мэхний их дэлгүүрүүдийн дайралцаан сүүлдээ сурагч ахуй цаг, социализмын эрин үе рүү хальсан. Арав төгсөөд Мосвагийн их сургуульд явсан Баярцогтод монголчуудын шавар гэж хочилдог байсан Сибирийн Свердловскод хуваарь авсан З.Энхболд атаархаж хорсдог тухай болж зуун дамнасан хэрүүл болоод эцэст нь харилцан биесээ тас блоколсноор хэрүүл өндөрлөв.

З.Энхболд нь М.Энхсайхан Тавантолгойг хятадуудад үнэгүй шахам өгөх гэж байхад нь Монголд авч үлдсэн гэж тайлбарладаг. л Баабар нь нүүрс үнс болохоос өмнө төмөр зам тавьж, ахиу ихээр зарах ёстой байсан гэж үздэг. Тавантолгойн орд газрыг зөвхөн Хятадын  Шинхуа, Японы Сумитомо, MCS-ийн консорциум авахаар яригдаж байсан. Харин З.Энхболд өнөөдөр Тавантолгойн жилийн борлуулалт 1 тэрбум доллар давж байхад бүхлээр нь ийм мөнгөөр өгөөд, оруулсан хөрөнгөөр нь тооцох хохиролтой гэрээ хийх М.Энхсайханы санаархлыг таслан зогсоосон гэж ярьдаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10