Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын үүрэг чиглэл өгсөний дагуу салбарын Улсын ерөнхий байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулж буй 67 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 12-19-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээд тодотгол хийлгээгүй /23 обьект/, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох газраар батлуулж, мөрдөж ажиллаагүй /37 обьект/, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй, ус ашигласны төлбөрөө төлөөгүй /21 обьект/, усан сан бүхий газарт хэсэгчилсэн давхцалтай /18 обьект/, ойн сан бүхийг газарт хэсэгчилсэн давхцалтай /41 обьект/, зөвшөөрөлгүйгээр талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан, талбай хэтрэлтэй, солбицол алдаатай /23 обьект/, газрын тусгай зөвшөөрөлгүй, сунгуулахаар хүсэлт хүргүүлсэн /14 обьект/, шаардлага хангахгүй жорлонтой /2 обьект/, хог хаягдлыг тээвэрлүүлэх гэрээ байгуулаагүй /23 обьект/, хог хаягдлыг ангилан ялгаагүй /60 обьект/ зэрэг зөрчлүүд илэрлээ. Зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож, зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Мөн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөлгүйгээр 55.8 га талбайд хашаа татаж, барилга барьсан 72 иргэн, аж ахуйн нэгжийн зөрчил, мэдээллийг холбогдох эрх бүхий байгуулагуудад хүргүүлж, бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчлийг арилгуулахыг мэдэгдлээ. Мөн ойн сан болон усан сангийн газрын давхцалтай хэсгийг хэсэгчлэн цуцлах саналыг холбогдох нэгжид хүргүүллээ.Ажлын хэсэг иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглалтын байдалд газар дээр нь хэмжилт хийж талбайн хэмжээг тогтоож, шав тэмдэг тавих, ашиглалтад олгогдсон газрын хэмжээг хэтрүүлэн ашигласан хашааг буцаан татуулж заасан хугацаанд шаардлагыг биелүүлэх боломжгүй обьектод хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлэх, ургаа модонд төмөр хадаас суулган хашаа татаж модны амьдрах чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг арилгуулах, ан амьтны орц гарц нээх ажлуудыг зохион байгуулж ажиллалаа.
АДМИН






Нийгэм




