Dark Light
Нийгэм | 2023-06-24

Төгсөгчдийн “Туяат оройн тооллого” ёслолын ажиллагаа боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын ууган их сургуулиудын нэг 89 жилийн баялаг түүхтэй Дотоод хэргийн их сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн төгсөгчдийн “Туяат оройн тооллого” ёслолын ажиллагаа өчигдөр Их сургуулийн жагсаалын талбайд ёслол төгөлдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Тэргүүн дэд бөгөөд Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Дэд бөгөөд Санхүү, хангалт, үйлчилгээний газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Захирлын зөвлөлийн гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Дотоодын цэргийн штаб, Гадаадын иргэн, харьяатын газар, БНХАУ, БНСУ, БНЭУ, Япон, Канад улсаас Монголд суугаа элчин сайдын яамдын төлөөлөл, БНСУ-ын “Эль” эмнэлгийн удирдлагууд болон багш, албан хаагчид, төгсөгчдийн ар гэрийнхэн оролцлоо.

“Туяат оройн тооллого” эхлэхийн өмнө төгсөгчид болон зочдод зориулсан хүндэтгэлийн тоглолт болов. Урлагийн тоглолтын дараагаар төрийн тусгай албаны эгнээнд элсэн орж буй шинэхэн офицерууд алтан мөрдсөө гялалзуулан ёслолын ажиллагаанд жагсаж, Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Дотоод хэргийн их сургуулийн одонт туг, Хилийн 0345 дугаар ангийн байлдааны тугийг залснаар “Туяат оройн тооллого” ёслол төгөлдөр эхэллээ.

Бүрэлдэхүүн сургуулиуд тус тусдаа “Туяат оройн тооллого” явуулж, Цэргийн албаны зохион байгуулалтын штабын дарга, дэд хурандаа С.Баясгалан нэгдсэн дүнг Их сургуулийн захиралд илтгэв. Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар:

“Төрөлх их сургуулийнхаа түүхийн алтан хуудсанд нэгэн үеийнхэн болж, сурлага, урлаг, спортын амжилтаараа  тэргүүлэн манлайлж, сургууль хамт олныхоо нэрийг дуурсгаж ирсэн та бүхнээрээ төрөлх сургууль тань, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид тань бахархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд та бүгдэд болон аав ээж, хань ижил, найз нөхдөд тань Туяат оройн тооллогын баярын мэндийг хүргэж цог золбоо, аз хийморьтой явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээв.

Төгсөгчид гурвантаа “Уухай” цуурайтуулахад Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэн харанхуйг гэрэлтүүлэн ёслолын буудлага буудлаа. Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист дотоод аюулгүй байдлыг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэхээр мордох гэж буй төгсөгчид ёслолын жагсаалаар алхсанаар Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчдийн нэгдсэн туяат оройн тооллого өндөрлөлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19