Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам-2023” сургалт, дадлага хоёр үе шаттайгаар амжилттай явагдаж өндөрлөлөө.
Сургалт, дадлагын хаалтын арга хэмжээнд Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки, Япон Улсын Хуурай замын цэргийн дэд дарга, дэслэгч генерал Кобаяаши Хироки, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Ирики Ёохэй болон сургалт, дадлагад хамрагдсан хоёр улсын 50 гаруй цэргийн инженер оролцов.
Энэ үеэр бригадын генерал Ч.Цогтжаргал Монгол Улс, Япон Улсын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж шинэ агуулгаар баяжин өргөжиж байгааг дурдаж, хамтарсан “Зам” сургалт, дадлагыг улам өргөжүүлнэ гэдгээ онцоллоо.
Мөн Япон Улсын Хуурай замын цэргийн командлалын дэд дарга, дэслэгч генерал Кобаяаши Хироки Монгол, Япон цэргийн инженерүүд харилцан туршлага солилцох, авто зам, авто замын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг боловсруулах, барих чадвар дадлагыг нэмэгдүүлэхэд энэхүү сургалтын ач холбогдол оршиж байгааг тодотгож, эхэлсэн цагаасаа хойш үр дүнтэй явагдаж байгааг нь хаалтын ёслолын төгсгөлд илэрхийллээ.
АДМИН







Нийгэм




