Dark Light
Нийгэм | 2023-06-26

“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн зургадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд үүдээ нээж, зургадугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас жил бүр зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнг өнөө жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-тай хамтатгаж байна.  

Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгжүүд, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд болон гадаадын экспортлогч нар үзэсгэлэн худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон нийт болон хөрөнгө оруулагч, худалдааны түнш байгууллагуудад танилцуулна. 

Арьс шир, ноос ноолуур, органик хүнс, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, мэдээллийн технологи болон гар урлалын чиглэлээр дотоод, гадаадын нийт 200 гаруй аж ахуйн нэгж энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байна.

Монгол Улсын Засгийн газраас экспортыг дэмжих, ялангуяа уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэмжээг нэмэх зорилгоор “Экспортлогчдын тэмдэглэлт өдөр”-тэй болох шийдвэрийг 2020 онд гаргасантай холбогдуулан энэ жилийн үзэсгэлэнд дотоодын экспортлогч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулж, үйлдвэрийн үнээр борлуулж байна. 

Ингэснээр экспортын шилдэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчийн гарт хямд үнээр, нэг дороос хүргэх боломжийг олгож байна.  Нөгөө талаар, энэхүү үзэсгэлэн худалдаа хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, жижиг үйлдвэрүүдийг бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, дэлхийн бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19