Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга” төслийн нээлтийн үйл ажиллагаа болон сургалтыг Ховд аймагт 2023 оны 06 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Ховд аймагт хэрэгжиж эхэлж буй “МонПЭН санаачилга” төсөл нь эрсдэлт хүчин зүйлсийн менежментийг бэхжүүлэх үр дүнтэй цогц арга 2 хэмжээ бөгөөд гол зорилго нь эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өндөр чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.
ДЭМБ-ын тусламжтайгаар 2019-2020 онд МонПЭН загвар төслийг хэрэгжүүлсэн Дархан Уул аймаг, Сонгинохайрхан дүүргийн 16 өрхийн эрүүл мэндийн төвд 100 гаруй сая төгрөгийн 14 нэр төрлийн тоног төхөөрөмж, гарын авлагыг, 2021 онд зургаан аймаг, нэг дүүргийн 132 ӨЭМТ-д 740 гаруй сая төгрөгийн 12 нэр төрлийн тоног төхөөрөмж, гарын авлагаар эмч, мэргэжилтнүүдийг хангасан байна. Энэхүү загвар төслийн үр дүнд Дархан-Уул аймаг тархины харвалт, нас баралт 1,4 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 дахин буурсан үзүүлэлт бий. Түүнчлэн 2021-2022 онд хэрэгжиж эхэлсэн зургаан аймаг, нийслэлийн нэг дүүргийн хүн амын дундах тархины харвалтын шинэ тохиолдлын тоо 1.2 дахин, нас баралтын тоо 1.7 дахин, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 1.1 дахин, нас баралтын тоо 1.2 дахин буурсан байна.
Уг төслийг энэ онд Өвөрхангай, Увс, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Архангай, Дорноговь болон нийслэлийн Багануур, Баянгол дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
”МонПЭН санаачилга” төслийг хэрэгжүүлж эхэлж буйтай холбогдуулан ЭМЯ, НЭМҮТ, АШУҮИС, ААГ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “МонПЭН санаачилга”-ыг хэрхэн хэрэгжүүлж, хамтран ажиллах талаар удирдлагын багын уулзалтыг зохион байгууллаа.
Тус аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ, НЭ, СӨЭМТ-ийн 70 гаруй эмч, мэргэжилтнүүдэд төслийн үйл ажиллагаа болон PEN/HEARTS багцийн танилцуулга, иргэдэд амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр чадавхжуулах онол, практик, бүлгийн ажлыг хослуулсан сургалтыг сонирхолтой байдлаар удирдан зохион байгуулж байна.
Мөн “МонПЭН САНААЧИЛГА”-ын хүрээнд төсөл хэрэгжихийн өмнөх суурь үнэлгээний баг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын эрүүл мэндийн төв, Жаргалан ӨЭМТ, Баатархайрхан ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, суурь үнэлгээ хийж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөц, ажиллах эмч, сувилагч нарын ажил байдалтай танилцаж одоогийн нөхцөл байдалд тулгарч байгаа асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэж, хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

АДМИН








Нийгэм




