Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хэрэглэгдэхүүний цахим бүртгэлийн MLAB2.0 платформыг чиглүүлэн ажиллаж, аймгийн БШУГ, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн 30 мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн 987 захирал, сургалтын менежер, 10715 багш нар тус тус оролцлоо.
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хэрэглэгдэхүүний цахим бүртгэлд 859 сургуулиас 709 сургууль буюу 82.5% нь хамрагдаж, баталгаажуулалт 59.3%-ийн гүйцэтгэлтэй байна.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирлын 2022 оны А/70 дугаар тушаалаар батлагдсан “Сургалтын хэрэглэгдэхүүний жишиг жагсаалт”-ын дагуу ерөнхий боловсролын сургууль энэ жил бага, суурь, бүрэн дунд боловсролын 18 судлагдахуун тус бүрээр хэрэглэгдэхүүний бүртгэлийг MLAB 2.0 платформаар хийж гүйцэтгэсэн.
Цахим бүртгэлд судлагдахуун бүрийн онцлогоос шалтгаалан техник хэрэгсэл, туршилт, дадлагын багаж хэрэгсэл, биет үзүүлэн, хэвлэмэл хэрэглэгдэхүүн, ном товхимол, цомог, дижитал хэрэглэгдэхүүн гэсэн ангиллын дагуу нийт 172777 хэрэглэгдэхүүнийг бүртгэж дууслаа.
Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн БШУГ-ын мэргэжилтнүүд сургуулиудаа 100%-ийн гүйцэтгэлтэйгээр бүрэн хамрууллаа.
Сургалтын хэрэглэгдэхүүний бүртгэлийг цахимжуулснаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хэрэглэгдэхүүний хүртээмж, эрэлт хэрэгцээ үндэсний хэмжээнд тодорхой болж ирэх хичээлийн жилээс датад үндэслэн нийлүүлэлт оновчтой, шаардлага хангасан орчинд багшлах боломжийг бүрдүүлэх, суралцагчдын идэвх оролцоо, бүтээлч чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

АДМИН








Нийгэм




