Dark Light
Нийгэм | 2025-05-30

ГОВИЙН БҮСИЙН УУЛ УУРХАЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОГСООЖ, ХЯНАЛТ ТАВИНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал болон тээврийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын эвдрэл гэмтэл, авто замын их засвар, ээлжит засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан Зам, тээврийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу олон улс, улсын чанартай авто замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн даац хэтрүүлж байгаатай холбоотой авто замын хяналт шалгалтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн насжилттай холбоотой зарим нэг зохицуулалт хийж байгаатай холбогдуулан өнөөдрийн энэхүү хурлыг зохион байгуулж байна. Үүнд:

Өнөөдрийн хэвлэлийн хуралд ЗТЯ-ны Салбарын хяналтын газрын дарга А.Энхболд, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Золжаргал, Авто замын бодлого зохицуулалтын газар болон Зам, тээврийн яамны харьяа “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дахирал Б.Гүрсоронзон, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Б.Оюунболд нар оролцож байна.

1. Монгол Улсын болон олон улсын стандарт дүрэм журмаар олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замаар замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жингийн дээд хязгаарыг “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2025 стандартад заасны дагуу 6 тэнхлэгтэй буюу бодит жин нь 44 тоннтой тээврийн хэрэгслүүд зөвхөн   нийтийн хэрэгцээний замаар замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоосон.

Харин нийтийн хэрэгцээний замаар зорчих үеийн тээврийн хэрэгслийн бодит жин нь 44 тонноос дээш даацтай тээврийн хэрэгслүүд нийтийн хэрэгцээний бус зам буюу тусгай зориулалтын замаар хөдөлгөөнд оролцоно.

 Сүүлийн жилүүдэд уул уурхайн болон газрын тосны /шатахуун/ бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл нь энэ бүх жингийн даац хэмжээг хэтрүүлж тээвэрлэлт хийж байна. Жишээ дурьдвал цементийн тээвэр хийж буй тээврийн хэрэгсэл 140 тн ачаа тээвэрлэж  холбоотой нийтийн хэрэгцээний авто замын эвдрэл нэмэгдэж байна.

Иймд олон улс, улсын чанартай авто замаар “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS4598:2025 стандартын дагуу хийгдэж буй тээвэрлэлтэд хяналт тавьж, даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг гаргасан зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд хөдөлгөөнд оролцохыг хориглох, түр саатуулах арга хэмжээ авна. Үүнтэй уялдуулан говийн бүсийн чиглэлд хийгдэж байгаа уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналт шалгалтыг ирэх 7 хоногийн 1 дэх өдрөөс эхлэн гаргаж байна.

Авто замын нөхцөл байдлын талаар авто замын талаар:

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаар батлагдсаны дагуу энэ онд говийн бүсийн улсын чанартай авто замын 2 чиглэлд их засварын ажил хийгдэнэ.

Олон улс, улсын чанартай авто замд Зам, тээврийн хөгжлийн төвөөс хариуцдаг нийт 32 төлбөр авах цэгийг ажиллуулж байна. Үүний 8 төлбөр авах цэгийг цахимжуулсан, энэ онд багтаан үлдсэн төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулж камерын хяналтын системд шилжүүлнэ. Мөн Тээврийн цагдаагийн албаны улсын хэмжээнд ашиглаж байгаа 40 камерын хяналтын системийг холбож ашиглана. Тээврийн цагдаагийн албанаас энэхүү цэгүүдийг нэмэгдүүлж 60 болгохоор төлөвлөж байна.

Цаашид олон улс, улсын чанартай авто замыг нийт 100 орчим камерын хяналтын системээр хянаж даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслийг хяналтад оруулж, зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авна.

Зам, тээврийн ослын талаар:

Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд 124500 зам тээврийн осол бүртгэгдэж, 14993 хүн гэмтэж, 2534 хүн нас барсан байна. Үүнээс нийт нас баралтын 80 хувь нь орон нутгийн замд гарсан ослоос үүдэлтэй байна. Нийт нас баралтын 80 хувь нь тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч байна.

Төмөр замын тээвэрлэлтийн талаар:

Мөн энэхүү арга хэмжээтэй уялдуулан импортын нефтийн бүтээгдэхүүний тээврийг төмөр замаар Сүхбаатар-Зүүнбаян-Цогтцэций-Тавантолгой чиглэлд Зам, тээврийн хөгжлийн сайд /хуучнаар/-ын 2023 оны А/328 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замын сүлжээнд суурь бүтэц хооронд тээвэрлэлтийг зохион байгуулах нэгдсэн технологийн түр горим”-ын дагуу хатуу хуваарьт зурмагаар тогтмол, шуурхай тээвэрлэхийг Төмөр замын газар /Б.Артур/, “Улаанбаатар төмөр зам” ХНН /Х.Хэрлэн/, “Монголын төмөр зам” ТӨХК /О.Батчулуун/-д тус тус даалгасан.

Үүнтэй холбоотой тухайн чиглэлд тээвэрлэгдэж буй газрын тосны бүтээгдэхүүний тээврийн суурь бүтцийн тарифыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 50 хүртэл хувиар бууруулах ажлыг зохион байгуулна.

Говийн бүсэд шатахууны нөөц бүрдүүлэхтэй холбоотойгоор аюултай ачаа хадгалах сав, ачиж буулгах талбай байгуулахад аж ахуйн нэгж байгууллагуудад хууль, тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж, газрын асуудлыг шийдвэрлэхэд аймаг, орон нутгийн Засаг дарга нартай хамтран ажиллана.

2. Зам, тээврийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Удирдамж батлах тухай” 03 дугаар тушаалын дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны 04/24 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрүүдэд Монгол улс, БНХАУ-ын хилийн автотээврийн нийт 9 боомт тус бүрээр улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэж буй 638 аж ахуйн нэгж болон 17551 мэргэшсэн  жолоочтой эсэх, 25705 ш тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж ажилласан.  

Давхардсан тоогоор /Нэг ААН 2 боомтод зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа/  шалгалтад хамрагдсан 638 аж ахуйн нэгжээс 281 ААН нь их эрсдэлтэй, 257 ААН нь дунд эрсдэлтэй, 82 ААН нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн.

Аж ахуйн нэгж, жолооч нараас ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн Зам, тээврийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шуурхай хуралдаанаас гарсан үүрэг даалгаварын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-д заасны дагуу Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны А/74 дүгээр тушаалаар баталсан № 04.1.9 дугаартай “Ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”-нд байгаа гаражтай /далд/, авто зогсоол, гараж нь дулаацуулах системтэй байна, автотээврийн хэрэгслийг хадгалах зориулалтын зогсоол, талбайтай байна гэсэн заалтуудыг тус тус хасаж, нэмэлт өөрчлөлтийг оруулан Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлуулахаар бэлэн болоод байна.

3. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн зохион байгуулалтын талаар:

 Дээрх хяналт шалгалттай уялдан зарим тодорхой үр дүнгүүд гарч байна. БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг авто замын 7 хилийн боомтоор байнгын ачаа тээвэрлэлтийн С төрлийн зөвшөөрлийн бичгийг эдгээр хилийн боомтуудад 1 олголтоор 15 000 ширхгийг хуваарилан олгосон бөгөөд үүнээс экспортын ихэнх хувийг гаргаж байгаа Гашуунсухайт хилийн боомтод 2025 оны 1 дүгээр олголтоор 18598 тээврийн хэрэгсэл хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлснээс нийт тээвэрлэлтийн ихэнх хувийг эзэлдэг ЭТТ-н тээвэрлэлтэд 26 хувьтай, 2025 оны 2 дугаар олголтоор 15645 тээврийн хэрэгсэл хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлснээс нийт тээвэрлэлтийн ихэнх хувийг эзэлдэг ЭТТ-н тээвэрлэлтэд 30.9 хувьтай олголт хийсэн байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Автотээврийн харилцааны олон улсын хэлэлцээр”-ийн хүрээнд хийгдэж байгаа байнгын ачаа тээвэрлэлтийн “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг тухайн хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буй тээврийн ААН байгууллагуудын тээврийн хэрэгсэлд олгох зохицуулалтыг хийнэ. Өнөөдрийн байдлаар энэхүү зөвшөөрлийн бичгийг зөвхөн олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулсан тээвэрлэгч нарт хувьчлан хуваарилан олгох зохицуулалтыг хийж байсан.

 

Уул уурхайн бүтээгдэхүүн олборлогчтой байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээнд заасан тээвэрлэх бодит ажлын хэмжээ нь эрэлтээс хамаарч багасаж байгаагаас шалтгаалан байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийн бичиг олгогдсон зарим тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд тээвэрлэлт хийх боломжгүй сул зогсож, мөн тээвэрлэлт хийх цаг хуваарийг тодорхой гаргаж өгөхгүй байгаа нь тээврийн жолооч нар уурхайн гадна олон хоног хүлээж хөдөлмөрийн нөхцөл алдагдах эрсдэл бий болж байгаа учир тэдний тээвэрлэлтийг нэмэгдүүлж өөр олборлогчийн нүүрсийг тээвэрлүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Иймд байнгын ачаа тээвэрлэлтийн С төрлийн зөвшөөрлийн бичгийг тээвэрлэгч ААН-ийн тээврийн хэрэгсэлд шууд хуваарилан олгож, олгогдсон бичгийн хүрээнд уурхай олборлогч, худалдан авагч нар тээвэрлэгч ААНБ-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, экспортын тээвэрлэлт гүйцэтгэх зохицуулалтыг хийхээр ажиллаж байна.  

Ингэснээр уул уурхайн экспортын гол боомт болох Гашуунсухайт хилийн боомтод дунджаар 46 хувьтай олгож байсан зөвшөөрөл 55 хувь хүртэл нэмэгдүүлэн олгох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн байнгын ачаа тээвэрлэлтийн С төрлийн зөвшөөрлийн бичигтэй тээврийн хэрэгсэл тухайн хилийн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайтай хариуцлагын гэрээ байгуулан тээвэрлэлт хийх боломжийг бий болгоно.

Мөн тус хилийн боомтын хувьд хил, гаалийн татан авалт бүрдүүлэлт, хилийн нэвтрэлттэй холбогдуулан тооцож үзэхэд Гашуунсухайт боомт дээр 8500 тээврийн хэрэгсэл байнгын ачаа тээвэрлэлт хийх боломж бий, иймээс иргэд, ААН-үүд цаашид аливаа байдлаар өр зээлийн дарамтад орж тээврийн хэрэгсэл худалдан авч аливаа эрсдэл үүсгэхгүй байхад анхаарах нь зүйтэй байна. МУ-ын уул уурхайн экспортын хилийн боомтуудад тээврийн хэрэгслийн ачаалал үүссэн байгааг анхаарах нь зүйтэй байна.

4. Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт, аялал жуулчлалын чиглэлээр зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН, байгууллага, иргэдийн тээврийн хэрэгслийн насжилтын талаар дараах зохицуулалтыг хийж байна. Үүнд:

Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг улсын хэмжээнд нийт 793 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс том оврын автобус 675, дунд оврын автобус 19, бага оврын автобус 15, суудлын автомашин буюу такси үйлчилгээнд 84 тээврийн хэрэгсэл ашиглаж байна.

 

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд тээвэрлэлт гүйцэтгэж буй том оврын тээврийн хэрэгслүүдийн насжилтийн судалгааг авч үзвэл: 2013 оны 247, 2014 оны 230, 2015 оны 87, 2016 оны 46, 2017 оны 27, 2018 оны 14, 2019 оны 13, 2020 оны 4, 2021 оны 6, 2024 оны 1 тээврийн хэрэгслүүд байгаа бөгөөд дундаж насжилт 10,7-тай байна. 2025.12.31 гэхэд 2013 оны 247 тээврийн хэрэгсэл насжилтаар хасагдахаар байгаа бөгөөд нийт паркын 36,6% хасагдахаар байна.

Иймд сүүлийн жилүүдэд улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифыг нэмээгүй болон улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн насжилтыг 1 жилийн хугацаатай сунгаж байна. 

Мөн энэхүү арга хэмжээтэй уялдуулан Монгол Улсын хилээр орж ирж байгаа шинэ автобусны Гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-аар шийдвэрлүүлнэ. Өнөөдрийн байдлаар шинэ автобус гааль, НӨАТ-иин татварт дунджаар 60 орчим сая төгрөг төлж байна.

Иймд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчид тээврийн хэрэгслийн нажсилтын хугацаа сунгаж буй энэ хугацаанд парк шинэчлэлтийг хийж зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний бэлэн байдлыг хангах нь зүйтэй.

Энэхүү шийдвэрт аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж байгаа 8-аас дээш хүний суудалтай тээврийн хэрэгсэл хамаарна.

Энэхүү шийдвэрийг Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан ААН-ийн хүсэлтийг үндэслэн  нэг л удаа гаргаж байгаа бөгөөд энэ хугацаанд ААН-д парк шинэчлэлтээ хариуцлагатай хийх нь зүйтэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00