Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтран (2025.06.04) “Хаягдал үнсний ашиглалт, байгаль орчны нөлөөллийн талаар салбар дундын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Эрчим хүчний яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, дулааны цахилгаан станцуудын удирдлага зэрэг холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцон Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудын хаягдал үнсийг барилгын материалын үйлдвэрлэл, авто замын бүтээн байгуулалт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар ашиглах боломжийн талаар хэлэлцсэн.
Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн тус хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ, эрчим хүчний реформ хангалттай ахицтай урагшилж чадахгүй байгааг дурдаж, салбарын хүндрэлийг даван туулах, хаягдал үнсийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашигтай бүтээгдэхүүн болгох боломжийг эрэлхийлэх шаардлагатайг онцлов. Тэрбээр “Өнөөдөр дулааны цахилгаан станцуудаас гарч буй үнсийг хаяхаар зөөвөрлөхөд улсын төсвөөс шаардлагагүй зардал гарч байна. Үүний оронд технологи, инновацад түшиглэж, үнсийг дахин боловсруулан барилгын материал болгох боломжийг бодлогын түвшинд хэлэлцэх хэрэгтэй” гэлээ.
Хаягдал үнсийг ашиглах бусад улс орны сайн туршлагыг нэвтрүүлэх боломж байгааг тэмдэглэж, бидэнд технологи, шийдэл байгаа ч бодлогын зохицуулалт дутмаг байна. Тиймээс Байнгын хороод хамтран, холбогдох яамдтай нэгдэж, бодлогын дэмжлэг үзүүлэх нь чухал гэв.

Мөн дулааны цахилгаан станцуудын аюулгүй байдал, үнсэн сангийн нөхцөл байдлыг онцлон дурдаж, салбар хоорондын уялдаа, мэдээллийн солилцоог сайжруулж, үнсийг дахин боловсруулах ажлыг нэгдмэл бодлогоор урагшлуулах шаардлагатай гэлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн.
Тэрбээр, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо энэ асуудалд анхаарал хандуулж, бодлогын дэмжлэг үзүүлэх, Улсын Их Хурлын түвшинд нэгдсэн шийдэлд хүрэх зорилготойгоор хэлэлцүүлгийг санаачилж, зохион байгуулж байгааг тэмдэглэв. Салбар дундын асуудал учраас харилцан ойлголцол, уялдаа маш чухал хэмээгээд “Үүний зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах НҮБ-д өргөн барьсан Монгол Улсын Үндэсний хувь нэмрийн (NDC) зорилтуудтай энэхүү асуудал нягт уялдаж байгааг сануулж, өнөөдрийн илтгэлүүдийг анхааралтай сонсож, тодорхой шийдлийн суурийг тавихыг уриалсан юм.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн чиглүүлж, оролцогч байгууллагуудын илтгэгчид мэдээлэл хийв.
Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий, нүүрсэнд суурилсан станцууд эрчим хүчний 81 хувийг үйлдвэрлэж, жилд 1 сая орчим тонн үнс ялгаруулдаг болохыг илтгэлдээ дурдсан. Үүнээс 70-90 хувь нь үнсэн санд хуримтлагдаж, эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Дулааны цахилгаан станц IV, “Амгалан” дулааны станц нь хуурай үнсээ цементийн үйлдвэрт нийлүүлж 1.2 тэрбум төгрөгийн орлого олсон бол бусад станцууд тээвэр, хадгалалтын боломж муу, технологийн хоцрогдлоос шалтгаалан үнсээ зайлуулж чадахгүй байгаа аж. Цаашид хуурай үнс зайлуулах шүүлтүүрийн шинэчлэл, шинэ үнсэн сангийн хөрөнгө оруулалт, хуучин сангийн цэцэрлэгжилт хийх шаардлагатайг онцоллоо.

Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг, Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудаас жилд 1 сая гаруй тонн үнс гардаг. Монгол Улс нийт үнснийхээ 5-8 хувийг ашиглаж байгаа нь бусад оронтой харьцуулахад маш бага. Тодруулбал, БНХАУ 80 хувийг, Япон Улс 96 хувийг, АНУ 90 хувийг нь ашигладаг байна. Барилгын материалын үйлдвэрлэлд үнсийг ашиглах боломж өндөр ч стандарт, ангилал, нийлүүлэлт сул, холбогдох хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байдаг аж. Үнсийг цементийн түүхий эд болгон ашиглах боломжтой ба барилгын материалын салбарт өргөн ашиглахын тулд технологи, стандарт, нэгдсэн систем хэрэгтэйг онцлов.

“Дулааны цахилгаан станц 2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү илтгэл танилцууллаа. Тус станц нь 1961 онд ашиглалтад орсон, жилд 32 мянган тонн үнс гаргадаг. Үнсэн сан нь 90-95 хувийн дүүргэлттэй, цаашид үнсээ IV станц руу шилжүүлэх, эсвэл барилгын материалын үйлдвэрт нийлүүлэхээр холбогдох судалгааг хийж байгаа талаараа мэдээлэл өгсөн. Хуурайгаар шилжүүлвэл тээврийн зардал болон холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай гэв. Жилд 200-600 сая төгрөгийг зөвхөн үнс зөөвөрлөхөд зарцуулж байгаа нь өртөг өндөртэй, үр ашиггүй байгааг тэмдэглэв.

“Дулааны цахилгаан станц 3" ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн дарга Г.Амартүвшин, 57 жил ашиглагдаж буй тус станц жилд 141 мянган тонн үнс ялгаруулдаг гэх мэдээллийг танилцуулсан. Зургаан үнсэн сан ашигласан ба сүүлийн сан нь 2027 онд дүүрэх тооцоололтой байгаа аж. Эмээлт орчимд 55 га талбайтай шинэ үнсэн сан барихаар төлөвлөж, газрын асуудал нь шийдэгдсэн ч хуурай үнс ялгах төхөөрөмж, цахилгаан болон уутан шүүлтүүр суурилуулах тэргүүтэй бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын эх үүсвэр дутмаг гэв. БНСУ-ын лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэн үнсийг барилгын материал үйлдвэрлэлд ашиглах боломжийг судалж байгаа аж. Гэхдээ 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг танилцуулав.


“Дулааны цахилгаан станц 4" ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуяг, Улаанбаатар хотын эрчим хүчний томоохон станцуудын үнсэн сангийн нөхцөл байдал туйлын хүнд байгааг онцоллоо. “Дулааны цахилгаан станц 4" ТӨХК-ийн хувьд хуурай үнс ялгах технологи нэвтрүүлснээр жилд 53 мянган тонн хуурай үнсийг цементийн үйлдвэр, барилгын материал үйлдвэрлэгчдэд нийлүүлж, 2024 онд 1.2 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 2025 оны борлуулалт 1.3 тэрбум төгрөгт хүрэхээр хүлээгдэж байна. Гэвч дам худалдаа, хэт хямд үнэ нь үнсийг дахин ашиглах зах зээлийг доройтуулж байгаа учраас борлуулалтын үнийг өсгөсөн. Мөн зуух тус бүр дээр хуурай үнс ялгах шүүлтүүр суурилуулах ажлыг тус станцын инженерүүд гар аргаар хийсэн байна. Гэвч үйлдвэрлэлийн түвшинд нөөцлөх автомат төхөөрөмж нэвтрүүлэх шаардлагатай бөгөөд үүнд ойролцоогоор 12 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэв. Түүнчлэн ХБНГУ, БНЧУ, Япон Улстай хамтран хийсэн судалгаагаар үнсийг барилгын материал төдийгүй замын дэвсгэрийн материал болгон ашиглах, газрын ховор элемент ялгахад ашиглахаар судалгаа, хөгжүүлэлт хийж байгааг танилцуулсан. Тус станц нь жилд 400 мянган тонн үнс ялгаруулдаг бөгөөд ингэхдээ нийт үнсний 14 орчим хувийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг гэв. Цаашид 50-60 хувийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж тооцоод байгаа аж. Ү.Төмөрхуяг захирал “Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хэрэглээг хангаж буй станцуудын нийт үнсний 70 гаруй хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоо бий. Гэвч бүгд хөрөнгө оруулалтын асуудал дээр гацаж байна. Иймд цахилгаан станцын тарифаар бус, улсын төсвийн тусгай сан, нийслэл, хувийн хэвшлийн хамтын хөрөнгөөр шийдэх боломж бий” хэмээв.

“Амгалан” дулааны станц ТӨХК-ийн Үйлдвэрлэлийн бодлого, шуурхай албаны хэлтсийн дарга Т.Ангараг мэдээлэл танилцуулсан. Амгалан дулааны станц нь 2015 онд 348 мВт-ын хүчин чадалтайгаар ашиглалтад орсон. Анх 3 усан халаалтын зуух, туслах тоноглол, 600 м³ багтаамжтай үнс хадгалах төхөөрөмжөөр тоноглогдсон. Станц жилд дунджаар 400 мянган тонн нүүрс шатааж, 40 орчим мянган тонн үнс ялгаруулдаг. Эхний жилүүдэд үнсийг хадгалах хүчин чадал хязгаарлагдмал байсан тул Налайх руу тээвэрлэн асар их зардалтайгаар хаяж байв. 2025 онд станцын хүчин чадлыг 116 мВт-аар өргөтгөсөнтэй зэрэгцэн 20000 тонн үнс хадгалах хүчин чадал бүхий 4 ширхэг силосын төхөөрөмжийг суурилуулсан. Үүний үр дүнд 9000 орчим тонн үнсийг хадгалж, 7300 тонныг цемент, бетон зуурмагийн үйлдвэрүүдэд борлуулсан. 2026 онд 55000 тонн үнсний захиалга ирээд байгаа бөгөөд барилгын улирал эхлэхтэй зэрэгцэн борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Цаашдаа жилд 40000 тонн үнсийг бүрэн хадгалах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дахин 4 ширхэг, тус бүр нь 1,700 м³ багтаамжтай силос барих шаардлагатай гэв. Нэг силосын өртөг 2.8-3 тэрбум төгрөг, нийт өртөг нь 22 тэрбум төгрөг болохоор тооцоосон байна. Станцын байршил, газартай холбоотой асуудалгүй тул шинэ силосуудыг барих бүрэн боломжтой гэдгийг тэмдэглэв.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, Монгол Улсын зөвлөх инженер Д.Сүнжидмаа болон түүний баг “Дулааны цахилгаан станц 4"-ийн үнсийг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах судалгааны дүнг танилцуулав. Нүүрсний үнс бол ашиглагдаагүй баялаг гэдгийг илтгэлийнхээ эхэнд дурдаад цахилгаан станцаас гарч буй үнс нь нарийн ширхэгтэй, цементээс хоёр дахин нунтаг бүтэцтэй, өндөр идэвхтэй түүхий эд болохыг танилцууллаа. Ийм үнсээр цементийн орцын 40 хувийг орлуулах боломжтой бөгөөд замын дэвсгэр материал, хиймэл чулуу, шаврын орц зэрэгт ашиглах бүрэн боломжтой юм байна. Мөн гэр хорооллын шахмал түлшний үнсийг боловсруулсан тохиолдолд барилгын материал болгох боломжтойг туршилтаар нотлосон гэлээ. Үнсийг цементэд нэмж ашигласнаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаас гадна хог хаягдлын хэмжээг бууруулах, нийслэлийн агаарыг цэвэршүүлэх, төсвийн зардлыг хэмнэх зэрэг олон талын ашиг тустай. Технологи, зах зээлийн нөхцөл бүрдвэл жил бүр 1 сая тонн үнсийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгаа хэмээв.

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны эксперт Д.Галсанбуян, хаягдал үнсийг “ногоон бүтээгдэхүүн” болгох боломж талаар илтгэл тавьсан. Тэрбээр танилцуулгадаа, 1970-аад оноос хаягдал үнсийг барилгын материалын түүхий эд болгон ашиглах судалгааг Монгол Улсад хийж эхэлсэн бөгөөд үйлдвэрлэлийн хэрэгцээ багатай байсан ч сүүлийн жилүүдэд цементийн болон барилгын материалын салбарын хөгжилтэй уялдан бодит хэрэглээ өсөн нэмэгдэж байгааг дурдав. Мөн тэрбээр. "IV цахилгаан станцын үнс бол үнэхээр сайн. Химийн найрлага, бүтэц нь цемент болох бүрэн боломжтой бөгөөд бетон, цементэд 30-50 хувь хүртэл орлуулах боломжтой” хэмээн тодотгов. Тухайлбал, цементийн үйлдвэрүүд, бусад материалын үйлдвэрүүд дэгдэмхий үнсийг нэмэлт эрдэс түүхий эдээр ашиглах, шинээр баригдах засмал замд дүүргэгч материалаар ашиглах, Туул голын ай сав газрын олборлолт хийсэн нүхэнд дүүргэлт хийж нөхөн сэргээлтийн бордоо болгон ашиглах, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хөрс тэжээгч, сайжруулагч болгон ашиглах бүрэн боломжтойг дурдсан. Хуурай үнсийг цемент үйлдвэрлэлд ашиглах бүрэн боломжтой ч, тээвэрлэлт, үнэ ханшийн асуудлаас шалтгаалан хэрэгжилт удааширч байгааг танилцуулаад цементийн үйлдвэрүүдийн байршлаас үүдэн үнсийг тээвэрлэн хүргэх нь өндөр зардалтай болдгоос шалтгаалан зах зээл дээрх өрсөлдөх чадвар нь буурах эрсдэлтэй хэмээлээ.
Харин хэлэлцүүлэгт оролцсон Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциацийн төлөөлөл О.Хулан хуурай үнсийг цемент үйлдвэрлэлд ашиглах нь чанарын эрсдэл үүсгэдэг болохыг хэлсэн. Олон улсын жишгээр цементэд үнсийг 10–40 хувь хүртэл нэмэх боломжтой байдаг аж. Үнсний борлуулалт, стандарт, үнэ тариф, логистикийн зохион байгуулалтад төрийн дэмжлэг, зохицуулалт шаардлагатай хэмээгээд үнс хуримтлагдсан газар орчны бохирдол үүсэж, улмаар иргэдийн эрүүл мэндэд эрсдэл үүсгэх нөлөөг тооцон асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэв.
Дээрх мэдээлэл, илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Талууд эрчим хүч үйлдвэрлэж буй байгууллагууд, үнсийг дахин ашиглаж буй операторуудын хувьд төрөөс тарифын тусгай дэмжлэг хэрэгтэйг онцолсон. Үнс борлуулж олсон орлогоороо хөрөнгө оруулалт хийж, агуулах барих боломжийг бүрдүүлж өгөх шаардлагатайг хэлж байв. Түүнчлэн зарим оролцогч үнсийг хэрэглэгчдэд шууд хүргэхийн оронд ченжийн гар дамжуулдаг нь эрсдэл дагуулж байгааг шүүмжилж, зохицуулалт шаардлагатайг дурдсан. Үүнээс гадна үнсийг химийн хортой хаягдал мэтээр ойлгож, буруу дүгнэдэг хандлагыг өөрчлөх, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл түгээхийг санал болгосон. Харин судлаачдын зүгээс цахилгаан станцын үнсийг эрсдэлгүй, чанартай түүхий эд болгох боломжтой гэж тайлбарлаж байв.
Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал хэлэлцүүлгийг хааж үг хэлсэн юм. Үнсийг зөвхөн цемент, барилгын салбараар хязгаарлалгүйгээр ховор металл гарган авахад ашиглах тэргүүтэй өргөн боломж байгааг сануулсан. Европын зарим улс, Япон Улсын үнсийг 100 хувь ашигладаг сайн туршлагыг жишээ болгон дурдаж, Монгол Улс ч энэ мэт сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлд урагшлах шаардлагатайг онцлов. Мөн "Станц, хэрэглэгч хоёрын хооронд хөрөнгө оруулалт бүхий агуулахын шийдэл хэрэгтэй байна. Бизнесийн ашигтай, эрсдэлгүй нөхцөл бүрдүүлэхийн тулд төрөөс зохицуулалт хийх цаг ирсэн. Жижиг эх үүсвэрүүдийн үнсийг ч эдийн засгийн эргэлтэд оруулах тарифын тусгай дэмжлэгийн хэлбэрийг тодорхой болгох хэрэгтэй. Улсын Их Хурлын зүгээс шаардлагатай бол энэ чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгуулж, Засгийн газарт чиглэл өгөх ажлыг хийхэд бэлэн байна” хэмээгээд хэлэлцүүлгийг санаачилсан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн болон зохион байгуулсан Байнгын хороодод талархал илэрхийлэв. Үүгээр хэлэлцүүлэг өндөрлөлөө.