Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Албан даалгавар гаргалаа.
Тухайлбал, дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргатай зөвшилцөж чиглэл авах, Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд ирц бүрэн оролцох, Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг бүрэн хэрэгжүүлж, биелэлтийн тайланг ЗГХЭГ-т сар бүр ирүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудалд онцгойлон анхаарч, эхлүүлэх, 2025-2026 оны өвлийг цахилгаан, дулааны хямралгүй даван туулах, шахмал түлшний нөөц бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хэвийн тасалдалгүй байлгах, өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг долоо хоногт боловсруулж, танилцуулахыг үүрэг болголоо. Түлшний нөөц бүрдүүлэхдээ БНХАУ-аас хагас коксожсон нүүрс авахгүйгээр дотоодоос авах боломжийг судлахыг даалгалаа.
Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанар, аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, тээвэр, нислэгийн асуудалд онцгой анхаарах, мөн хүнсний хангамжийг хэвийн байлгах, газар тариалангийн бүс, төвийн нутгаар ган гачигтай байгаатай холбогдуулан ургац алдахаас сэргийлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Засгийн газрын хуралдааны журмыг хатуу баримтлан ажиллахыг Ерөнхий сайд Албан даалгавраараа үүрэгжүүлжээ.