Dark Light
Нийгэм | 2026-11-12

МОНГОЛООС ОЛДСОН ХҮННҮГИЙН ХАМГИЙН ТОМ БУЛШНААС ЭРТНИЙ РОМЫН УЛ МӨР ИЛЭРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Археологичид зүүн Монголоос олдсон 2,000 жилийн настай Хүннүгийн язгууртны булшнаас 413 ширхэг олдвор илрүүлсэн бөгөөд энэ нь эртний Хүннү гүрэн болон алс холын Ром, Солонгосын хойгийн иргэншлүүдийн хооронд харилцаа холбоо байсныг харуулж байна. Олдворуудын дунд Ромын эзэнт гүрнээс гаралтай байж болзошгүй шилэн сав, Хятадын оршуулгын уламжлалаас санаа авсан хаш эдлэлүүд, мөн эртний Солонгосын булшнаас олддогтой төстэй мөнгөн чимэглэлүүд багтжээ.

(Зургийн тайлбар: Монголын Дуурлиг нарс дахь 2,000 жилийн настай Хүннүгийн язгууртны булшны ил гарсан модон бунхан. Гэрэл зургийг: БНСУ-ын Үндэсний музей)

Судлаачид Дуурлиг нарсны оршуулгын газар дахь 160 дугаар булшийг Монголоос одоогоор мэдэгдээд байгаа хамгийн том Хүннүгийн булш хэмээн тодорхойлсон байна. Уг байгууламж нь үүдэн хонгилын хамт ойролцоогоор 73 метр (240 фут) урттай аж. Дөрвөн жил үргэлжилсэн сэргээн засварлах, археологийн малтлагын ажил дууссаныг БНСУ-ын Үндэсний музей арваннэгдүгээр сарын 6-нд албан ёсоор зарлажээ.

ЭРТНИЙ ОЛДВОРУУД ЕВРАЗИ ДАЯАРХ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ГЭРЧ БОЛОВ

(Зургийн тайлбар: Монгол дахь 2,000 жилийн настай Хүннүгийн булшнаас олдсон морины мөнгөн чимэглэл. Гэрэл зургийг: БНСУ-ын Үндэсний музей)

Олдворуудын дунд Ромын гаралтай байж болзошгүй хэмээн судлаачдын үзэж буй бариултай, тунгалаг шилэн сав багтжээ. Түүнийг яг хаана үйлдвэрлэсэн нь одоогоор тодорхойгүй байна. Эрдэмтэд уг шилний химийн найрлагад шинжилгээ хийж, хаана үйлдвэрлэгдсэнийг нь тогтоохоор төлөвлөж байгаа аж. Энэхүү олдвор нь Ромын ертөнцийг Хятадтай холбож байсан эртний худалдааны сүлжээг санагдуулж байгаа бөгөөд үнэ цэнтэй эд зүйлс ихэвчлэн зуучлагчдаар дамжин Еврази даяар тээвэрлэгддэг байжээ.

Археологичид мөн модон авсны ёроолоос 15 ширхэг хаш эдлэл гаргаж авсан байна. Эдгээр нь Хятадын Хань гүрний үед хэрэглэгдэж байсан ёслолын дугуй хаштай төстэй боловч хэлбэр нь жигд бус, нарийн хээ угалз бүхий чимэглэлтэй аж. Судлаачид энэхүү ялгааг Хүннүчүүд Хятадын оршуулгын зан үйлийг өөрсдийн онцлогт тохируулан өөрчилж хэрэглэсний илрэл хэмээн үзэж байна.

Хүннүчүүд Хань гүрэнтэй дипломат харилцаа болон дайн тулаан хосолсон ээдрээтэй харилцаатай байв. Өмнө нь Монголд хийсэн малтлагаар Хүннүчүүдтэй хийсэн мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн Хань улсын цэргүүдийн шарил олдож байсан юм.

Морины тоноглолын мөнгөн чимэглэлүүд нь алс холын иргэншлүүдтэй холбоотой байж болзошгүй өөр нэгэн сэжүүрийг өгч байна. Тэдгээрийн хулуу хэлбэрийн хийц нь одоогийн Хойд Солонгосын Пёньян хотын ойролцоох Наннангийн (Lelang) үеийн булшнаас олдсон олдворуудтай төстэй аж. Зарим чимэглэл нь тунгалаг болорын доор улаан, цэнхэр өнгийн материал болон алтан ялтас шигтгэсэн байдалтай байна. Судлаачид ийм төрлийн чимэглэлийн аргыг Хүннүгийн булшнаас анх удаа илрүүлсэн гэдгийг онцолжээ.

АВАРГА ТОМ БУЛШ ХҮННҮГИЙН НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ӨГЧ БАЙНА

(Зургийн тайлбар: Зүүн Монголын Дуурлиг нарс дахь 2,000 жилийн настай Хүннүгийн булш. Гэрэл зургийг: БНСУ-ын Үндэсний музей)

Уг булш газрын гүн рүү ойролцоогоор 14.5 метр (47.6 фут) гүн ухсан байгууламжтай. Булшийг баригчид нэг авс бүхий давхарласан хоёр модон бунхны дээр есөн үе чулуун дараас хийжээ. Мөн археологичид төв оршуулгын хэсгийн дээд талаас чий будагтай сүйх тэрэг илрүүлсэн нь талийгаач нийгэмд өндөр байр суурь эзэлдэг нэгэн байсныг илтгэж байна.

Монгол дахь 2,000 жилийн настай Хүннүгийн булшнуудыг судалсан өмнөх судалгаагаар оршуулгын зан үйлд эд баялаг, нийгмийн зэрэг дэв чухал үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд зарим тохиолдолд ураг төрлийн холбооноос ч илүүд тавигддаг байсныг тогтоосон байдаг.

Хэдийгээр уг булш асар том хэмжээтэй ч төв бунхан нь ижил төрлийн бусад Хүннүгийн булшнуудынхаас жижиг хэмжээтэй байна. Судлаачид энэхүү ялгааг МЭ I зууны сүүлч эсвэл II зууны үед улс төрийн эрх мэдэл суларч байсан цаг үеийн нийгмийн өөрчлөлтийг тусгасан байж магадгүй хэмээн таамаглаж байна.

Булшинд оршуулсан хүний хэн болох нь одоогоор тодорхойгүй. Археологичид биологийн хүйс болон ураг төрлийн холбоог тогтоох ДНХ-ийн шинжилгээ зэрэг шинжлэх ухааны нарийвчилсан судалгаа хийх зорилгоор шүд, үсний дээж цуглуулжээ. Ийм судалгаа нь Монголын Хүннүчүүд болон Европын Хүннүчүүдийн (Huns) хоорондох түүхэн болон генетикийн холбооны талаарх өргөн хүрээний мэтгэлцээнд хувь нэмэр оруулах боломжтой юм.

БНСУ-ын Үндэсний музей уг оршуулга болон эртний Евразийн иргэншлүүдтэй холбогдох харилцааг илүү сайн ойлгохын тулд олдворуудын нэмэлт судалгаа болон малтлагын цогц тайланг бэлтгэхээр төлөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08