Байгалийн түүхийн музейн ашиглалтын өмнөх захиргааны дарга болон төслийн зохиогч, гүйцэтгэгч, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч талуудын төлөөлөгчид Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд “Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей”-н бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцууллаа. Богдхан уулын дархан цаазат газрын "Их тэнгэрийн ам"-д байрлалтай Монгол Улсын музейн түүхэн дэх хамгийн том хэмжээтэй “Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей”-н бүтээн байгуулалтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа билээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр тус музейн үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөө боловсруулахаар олон улсын зөвлөх үйлчилгээний “Лорд культурал ресурсес” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Бүтээн байгуулалтын ажил 2023 оны наймдугаар сараас эхэлсэн ба нийт 6 га газарт 41,757.6 м² талбай бүхий 5 блок барилга барьж байна. Тус барилгын А, Б, В блок нь үзвэрийн хэсэг бол Г, Д нь агуулах, авто зогсоолын зориулалттай юм. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.