ЭЕШ юм уу, элсүүлэхгүй ерөнхий шалгалт уу? Сурагч бүү хэл багш нар нь, эрдэмтэн доктор нь ч унахаар их амаргүй юм болсныг эцэг эхчүүд, хүүхдүүд хэлж байна. ЕБС төгсөж буй хүүхдүүдийг бүгдийг нь билгүүн номч Бямбын Ринчентэй эндүүрч соёмбо үсэг, дөрвөлжин бичиг тайлан унших, буриад, ойрад аялгыг ойлгох бүү хэл бүр казах үг олох даалгавар өгсөн байна.
60 минутад багтаах 60 асуултын хариултын зарим нь урьдчилсан төлбөртэй байсан байна. ЕБС төгсөгч сурагч бүү хэл их сургуулийн оюутнууд, эрдэмтэн багш нартайгаа хамт ойчихоор шалгалт болсон байна. Тасалбар нь 180 мянгын үнэтэй “Тамгагүй төр” жүжиг үзээгүй нь их дээд сургуулийн босго алхах визээ алдсан.
Монголд ирсэн солонгос жүжигчний нэрийг таахгүй бол Монголоо алдсан монгол хүүхэд, гэж үзэх даалгавар өгсөн байна. Солонгос жүжигчнийг таньдаг болохын тулд Солонгост очиж ажиллах, сонголт оронд нь үлдлээ. Эдийн засгийг сүүдэрт биш наранд ил болгох бүртгэл НӨАТ-ын зорилгоо ойлгодоггүй байж 20О саяыг сугалаагаар хожсон айлын зарцуулалтын талаарх асуултад Сангийн сайд ч унахаар байна.
Хүний өөрийн хүнд зодуулсаар явдаг Боловсролын сайд П.Наранбаяр хамтарсан Засгийн газрын GoMongolia, экс Ерөнхий сайдын хувийн студийн жүжиг зэргээр долоолгын асуулт, пялдаганалын тест бэлдүүлсэн байна. Үүн дээрээ хүрвэл Chanel цүнхний нөгөө загвар ямар үнэтэй вэ, 17 саяын бөгж аль брэндийнх вэ гэж асуусан бол амаргүй биш амар байх байлаа. Шалгахаас илүү шар махтай нь хатааж, таашаал авдаг, амьдралын алтан босгыг алхаж буй хүүхдүүдийг хүртэл дэгээдэж унагаж байж бах таваа хангадаг балайрлынх нь төлбөрийг Монголын ирээдүй төлж байна.