Зарлага нь нотлогдсон ч орлогоо нотлоогүй Л.Оюун-Эрдэнэ амаргүй амаргүй бас дахин амаргүйг үлдээлээ. Үнэ нь өндөр байхад өмнөхөөсөө 3 дахин их нүүрс зараад өвийн оронд өр орхилоо.
Засгийн газрын өр 2021 оны 26,9 их наядаас 2024 онд 35,2 их наядад хүрч амаргүй их болсон байна. Нэг хүнд ноогдох ДНБ 4647 доллар 7027 доллар болсон ч нийт өрхийн амин зуулга амаргүй бэрх, нэг хоёр өрхийн амьдралаас тасарсан брэнд болсон байна.
Нэг хүнд ноогдох ДНБ тоо статистик юм, нэг бэрд оногдох гадаадын брэнд том бэлэг юм. Эдийн засаг 2021 оны 43,6 их наядаас 2024 онд 79,2 их наяд болж тэлсэн ч иргэндээ бол үзүүлэнгийн самбар, эрх мэдэлтэндээ үнэт эдлэл болсон байна.
Төсвийн зарлага 2021 оны 15 их наядаас 30 их наяд болж 2 дахин, экспорт 9,2 тэрбум доллароос 15,8 тэрбум, Хятадад зарсан нүүрс 36,6 сая тонноос 83,7 сая тонн болсон өсөлтүүд өрхүүдээ, амжилтууд нь айлуудаа олсонгүй.
Засгийн газрын зарцуулдаг төсөв 15 их наядаас 30 их наяд болж 2 дахин өссөн ч бол айл өрхийн ахуй амьжиргаандаа зориулаг үнэ өртөг нэмэгдлээ.
Улсын эдийн засгийн өсөлттэй цуг улны хүн тоо өссөн байна. Нэн ядуу, монгол ядуу хүн 2021 онд 914 мянга байсан бол 2024 онд 950 мянга болж, амаргүй амьдрал нэмэгдсэн байна.
Авлигын эсрэг тэмцлийн хүчинд Авлигын индексээр 11 байраар урагшлаагүй ухарсан байна. Галт тэрэг явчихсан хойно ирээд гүйсэн тулдаа 5 хан минут хоцорлоо, гүйгээгүй бол бүр 10 минут хоцрох байж гэдэг шиг арагшаагаа 11 байраар ухарсныг амжилт гэж үзэх үү, яах уу?
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 68-р байрнаас 41 байраар ухарч, 109-рт орлоо. Хэвлэлийн эрх чөлөө бол хэдэн сэтгүүлчийн ажил биш. Хэн бүхний хүн бүрийн өөрийнхөөрөө бодох, үнэнийг мэдэх, үгээ хэлэх эрх юм.