Монголын улс төрийн хамгийн дуртай 17-гийн тоогоор ахин дахин илэрхийлэгдсэн “Хаврын 17 учрал” олон ангит кино гарч байна.
17 хувийн эдийн засгийн өндөр өсөлтөө 2012 онд алдсан, 17 чингэлэг спиртийн хэргийн эзэн Еөк болсон, 17 нүүрсний хулгайч зарлаж, 17 эр өвөл нүцгэлсэн зэрэг 17-гийн тоогоор илэрхийлэгдсэн гайхамшиг үргэлжилсээр...
УИХ-ын Хаврын чуулган 3-р сарын 17-нд нээгдэж, 17 чингэлэг спиртийн Х.Баттулгын Төгрөг нуураар хурцдаад, 17 саяын бөгжөөр өрнөөд, 6-р сарын 17-ны 17 цагт зарлагдсан хуралдаанаар Г.Занданшатарын Засгийн газарт МАН өөрөө 17 сайдтай ажиллах боллоо.
Дан дээлтэй Ерөнхий сайдтай, давхар дээлтэй сайд нартай Засгийн газар төсөв хэмнэх, төр цомхотгох, дарга цөөлөх, доллар олох, татвар бууруулах амлалт даалгавар авлаа. Ялсан тал бол манайх, ялагдсан тал танайх уриатай ХҮН нам хоёр дахь удаагаа, ИЗНН-ын дарга Б.Батбаатар иргэний зориггүй, эд хөрөнгөгүйгээр МАН-д анх удаагаа ажилд орж, ахиад хамтарсан Засгийн газар боллоо.
Ялсан ялагдсан нь ялгагдахаа больсон учир цаашдаа алтадсан мөнгө, мөнгөдсөн алт, хүрэлдсэн мөнгө, алтадсан хүрэл өгдөг болохоор байна.
Хуучин шинийг хольсон 20 сайдтай Г.Занданшатар өөрөө нойргүй хөрвөөх нэг хэрэг, өргөн олныг нойртой хөлдөөхгүй байх нийтийн хэрэг болоод байна. Шинэдүү хуучивтар Засгийн газарт сайд 8 сайд хуучин салбартаа улирна. Өнөөх салбартаа үлдсэн мөнөөх сайд нараас тог, дулааны үнийг нь өсгөөд үр дүнд нь гал алдсан Б.Чойжилсүрэн, тодотгохгүй гэсэн төсвөө тодотгох болсон Б.Жавхлан нар онцгой анхаарал татаж байна.
Б.Жавхлан юу ч хийж мэдэхгүй, Б.Чойжилсүрэн юу ч хийхгүй байж мэдэх учир мань хоёрыг онцгойлон анхаарах юм байна.
Хуучиндуу шинэвтэр Засгийн газарт 9 шинэ сайд ажиллана. Шинэдүү боловч хуучиндуу сайд нарын туршлага мэдлэгийг шалгана. Тухайлбал, Т.Аубакир үр хүүхдээ өөрийн биеэр гомдоосон гашуун туршлага дээрээ үндэслэн өрөөлийн өрх бүлийг яаж хайрлан халамжлахыг харна.